Ээлжит бус чуулган зарлана

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлана

2015 оны намрын ээлжит чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Гэсэн ч чуулганы төгсгөлд зайлшгүй батлах ёстой Төрийн албаны тухай хууль, Хяналтын тухай хууль, Барилгын тухай хууль, Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн тухай үзэл баримтлал зэрэг хэлэлцэх ёстой 39 асуудал байгаа ажээ. Тиймээс эдгээр хуулийн төслүүдээ хэлэлцэж дуусгахын тулд цагаан сарын дараа ээлжит бус чуулганыг хуралдуулна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн байна. АН-ын бүлэг ч УИХ-ын даргын энэ саналыг дэмжиж байгаа аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Засгийн газартай холбоотой асуудлууд нилээд яригдсан, хурлууд дээр завсарлага авснаас болоод хэлэлцэх ёстой олон асуудал сунжирсан. Намрын чуулганы ээлжит хугацаа дуусах хүртэл 39 асуудал хэлэлцэх ёстой. Гэхдээ нам эвслийн бүлгүүд одоо хэлэлцэх асуудлууд дээр ямар нэг саад үүсгэхгүй бол энэ долоо хоногт дээрх 39 хуулийн төслийг хэлэлцэх боломжтой” гэсэн юм. Одоогоор ээлжит бус чуулганы тов гараагүй байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж