Bild-ийн эрхлэгчийн нууц эрхтэн юу өгүүлнэ вэ

2016 оны 2 сарын 2

-Шүүхэд заргаа авсан TAZ-ынхан өөрсдийн ялалтыг Bild-ийнхэнд ямагт сануулж байхын тулд ханан дээрээ том хэмжээний бэлэг эрхтнийг урлуулсан аж-

Германы Берлин хотын нэгэн байшингийн ханан дээр аварга том эр хүний бэлэг эрхтэний дүрс байдаг. Анх харсан хүн цочирдмоор энэ “бүтээл” их учиртай. Энэ бүтээл байдаг байранд TAZ сонин байрладаг. Харин энэ байрны эрхтэн бүхий хананы эсрэг талд Германы Bild сонины оффис байдаг. Bild бол Германы шар сонинуудаас хамгийн лужгар нь. Харин TAZ тэдэнтэй ана мана үздэг. Ингэхдээ хэн нь хамгийн түрүүнд, хамгийн дуулиант мэдээг уншигчдадаа, үнэн зөв хүргэж чадсан бэ гэдгээрээ өрсөлдөхөөс биш хэн нь улстөрчдөөс, эсвэл аль нэг компаниас хэчнээн төгрөг авчив гэдгээр өрсөлддөггүй.

TAZ-ын байрны ханан дээр энэхүү уран бүтээлийг яагаад урлах болов? Өрсөлдөгч Bild сонины эрхлэгч эрхтэнээ томруулах мэс засалд орсон гэсэн мэдээллийг TAZ-ынхан олж авсан байна. Нягталсаны эцэст үнэн болохыг нь нотлоод сониндоо хэвлэжээ. Харин Bild сонины эрхлэгч мэдээллийг няцаан шүүхэд зарга үүсгэсэн байна. Зарга нэлээд сунжирсаны эцэст TAZ-ын мэдээлэлд үнэн бодитой болохыг шүүх тогтоосон байна. Шүүхэд заргаа авсан TAZ-ынхан өөрсдийн ялалтыг Bild-ийнхэнд ямагт сануулж байхын тулд ханан дээрээ том хэмжээний бэлэг эрхтнийг урлуулсан аж. “Одоо Bild-ийн эрхлэгч манай уран бүтээлийг өдөр болгон харж байгаа” хэмээн TAZ-ын сэтгүүлч, гадаад харилцааны ажилтан Гоби Сол Монголын сэтгүүлчдэд хэлсэн.

Германы хоёр сонины энэ түүхийг Монголын нөхцөлд орлуулан бодоод үзэхээр хаана нь хэвлэлийн эрх чөлөө байна вэ, хаана нь сэтгүүлчид жинхэнэ ёсоор ажиллаж байна вэ гэдэг асуултын хариу гарна. Энэхүү бүтээлийг харсан манай нэг сэтгүүлч “Энэ бол Германы чөлөөт хэвлэлийн баталгаа” хэмээсэнтэй санал нэг байна. Монголд юу нь өөр байна вэ. Нэгдүгээрт, нэг сонин нөгөөгийнхөө эсрэг /хэзээ ч гэж бичих гэснээ чадсангүй, ямар ч байсан ойрын 10 жилдээ/ шүүхдэлцэхгүй, учир нь, Монголын сэтгүүл зүйд хаяагаа хадрахгүй гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг. Хоёрдугаарт, Монголын хэвлэл мэдээллийнхэнд дутагдаж байгаа ганц зүйл нь мэргэжлийн хурдаараа, чанараараа өрсөлдөх байдал. Бараг бүгд /гарын таван хуруунд багтах хэвлэлүүд энд багтахгүй/ өрсөлдөөнөөр биш улс төр, бизнесийн бүлгийн мөнгөн хангамжаар амьдардаг. Гуравт, Монголд хэн нэгэн сэтгүүлч, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага яг ийм зарга үүсгээд, ялаад, энэ ялалтаа тэмдэглэн ийм “уран бүтээл” олон нийтийн нүдний өмнө туурвих хүртлээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй болоогүй байна. Эзэн Чингисийн дүрийг үнсний савны ёроод дүрсэлсэн хэмээн үнсний савыг худалдаанаас татаж байгаа юм чинь TAZ-ын ханыг дэлбэлэх байлгүй. Мэдээж тэр уран бүтээлийг Берлин хотын Захирагч харсан л байдаг байлгүй. Хараад “энэ балиар юмыг даруй устга” гэж тушаагаагүй учраас л TAZ-ын гоёо одоо болтол байсаар байна.

Харин энэ зургийг хэвлэсний төлөө Садар самуунтай тэмцэх хуулийг зөрчсөнд тооцогдохгүй гэж найдаж байна. 1998 онд батлагдан мөрдөгдөж байгаа Садар самуунтай тэмцэх тухай хуулийн Гуравдугаар зүйлд садар самуун гэж юуг ойлгохыг заажээ. Үүнд, 3.1.1."садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг; 3.1.2.“садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг; 3.1.3."эротик" гэж гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг садар самуунд тооцох юм байна. Тэгэхээр TAZ-ын энэ зураг уран сайхны хэлбэрээр үзүүлсэнд тооцогдох юм биш байгаа!

Д.НАРАНТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна