Өвчүү эрэлттэй байна

2016 оны 2 сарын 2

Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ. Сар шинэ дөхөхтэй зэрэгцэн худалдааны зах, төвүүд  баярын бэлэг сэлт, идээ будаагаа бэлтгэхээр яваа иргэдийн хөлд дарагджээ. Олны хөлд дарагдсан захын нэг “Хүчит шонхор”. Нийслэлийн иргэдийг махаар хангадаг тус захад ууц, өвчүү зарахаар эгнэсэн ченж, малчид олон байлаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил махны үнэ хямдарч, борлуулалт буурчээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” захад худалдаалагдаж буй ууцны үнэ тарган, туранхай, том жижгээсээ хамаараад 80-220 мянган төгрөгийн ханштай байна. Үхрийн өвчүүний үнэ килограмм нь 6000-6800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн ууцнаасаа, өвчүү нь эрэлт ихтэй байгаа аж. Махны нийлүүлэлтийн тухайд хөдөөгөөс малчид өөрсдөө орж ирж, гулууз мах худалдахаас гадна ченж нар мах хямд үед нөөцөлсөн өвчүү, ууцаа борлуулж байна.

Харин махны жижиглэнгийн үнэ нэгдүгээр сарын эхэн үетэй харьцуулахад 300-800 төгрөгөөр нэмэгдсэн байх юм.Тухайлбал, килограмм үхрийн цул мах 5500-5800, үхрийн ястай мах 6300-6500 төгрөг, ямааны цул мах 4000, ямааны ястай мах 4200-4600 төгрөг, хонины цул мах 4700-5000, хонины ястай мах 5000-5200 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор” захад махны жижиглэнгийн үнэ байшингийн гадна, дотно худалдаалагдаж буйгаас өөр өөр ханштай байлаа. Жишээлбэл, хонины мах гадна килограмм нь 3800 төгрөгөөс дотроо 4700 төгрөгөөс эхэлж байсан юм. Махны худалдаачдын ярьснаар энэ жил иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасч, махны борлуулалт буурчээ. Мөн махны үнэ ч өнгөрсөн жилийн өдийн үетэй харьцуулахад хямд байгаа аж.

Цаашид сар шинийн баяр ойртох тусам тарган, өнгө үзэмж сайтай ууц, өвчүүний үнэ нэмэгдэх магадлалтайг ченж нар анхаарууллаа. Учир нь баяр дөхөхөөр монголчууд цагаан сарынхаа бэлтгэлийг базаахаар гэнэт оволздог. Иймээс махны эрэлт ихсэж, үнэ нь нэмэгддэг бичигдээгүй хуультай. Ялангуяа ууц, өвчүүний үнэ килограмм тутамд 500-1000 төгрөгөөр өсөх хандлагатай байна. Ийнхүү өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад махны үнэ хямдарсан учраас бэлэн буузны борлуулалт буурчээ. Өнгөрсөн жилийн цагаан сарын үеэр бэлэн буузны килограмм тутмын үнэ 5000 байсан бол энэ жил 4500 төгрөг болон хямдарсан байна.

Нийслэлийн Статистикийн газраас гаргасан өнгөрсөн долоо хоногийн тоон мэдээгээр хонины ястай нэг килограмм мах дунджаар 4950 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6530 төгрөгийн үнэтэй байжээ. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 100 төгрөгөөр, үхрийн цул мах 3.6 хувиар буюу 275 төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6200 төгрөг, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 80 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 115 төгрөгөөр тус тус өсжээ. Улмаар өнгөрөгч долоо хоногт хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна