Сар шинийн бэлтгэлийг тань базаалцъя...

2016 оны 2 сарын 2

Хэвийн боов, хээтэй еэвэн, тарган ууц, тавгийн идээгээ сонгохоор яарсан хүмүүсийн хөлд зах худалдааны төвүүд дарагджээ. “Ирэх долоо хоногт юм байна шүү дээ” хэмээн уулга уулдсан ахимаг настнуудын цуваа сар шинийн үзэсгэлэнгүүдийг тасралтгүй чиглэж харагдана. Сар шинийн бэлтгэлийн сезон эхэлсэн энэ үед www.news.mn сайтын сурвалжлах баг иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Бөмбөгөр”, “Хүчир шонхор”, “Шөнийн зах” худалдааны төв, мөн “Hunnu Mall”, “Шөнийн зах”, “Чингисийн талбай” дахь сар шинийн үзэсгэлэнгүүдийг зорилоо.

“ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ ӨСӨӨГҮЙ”

“Энэ ааруулыг гурил хольсон үгүйг яаж мэдэх вэ” гэх 40 эргэм насны эмэгтэйн дуу “Бөмбөгөр”-ийн цагаан идээний тасгаас бүдэг бадаг сонсогдоно. Цагаан идээний тасгийг зоривол хорхой ааруул авахаар дугаарлан зогсох иргэд багагүй харагдана. Тэд дугаарлахын зэрэгцээ ааруулын чанарын талаар бяцхан яриа өрнүүлээд амжив. “Амсаж үзэхгүй  л бол ааруулыг таньж ялгах арга үнэхээр алга. Харахад нэг их сайхан цагаан ааруул. Хариад идэхээр нил гурил байх жишээний” хэмээн хоорондоо ярилцана. Харин худалдагч эмэгтэй П.Жаргалбуян энэ бүх асуултад “Манайх Архангайн Чулуут сумын малчин С.Батмөнх гуайнхаас цагаан идээгээ шууд нийлүүлдэг. Ер нь малчны хотноос шууд нийлүүлж байгаа учраас цэвэр бүтээгдэхүүн. Гэхдээ гурилтай, чанаргүй идээ ховордсон. Хүн бүр амсаж үзээд чанарыг нь шалгаж авдаг болохоор” хэмээн хариулна.

Худалдагч П.Жаргалбуян гуайн хэлж буйгаар энэ жил цагаан идээний үнэ өсөөгүй, өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа гэв. Ялангуяа энэ жил худалдан авагч тааруу байгаа болохоор цагаан идээний үнийг нэмэх ч боломжгүй хэмээн хуучлав. Энд хорхой ааруулын хувьд нэг кг нь 10 мянга, сүүн ааруул 18 мянга, хурууд есөн мянга, говийн бор ааруул 18 мянга, ээзгий найман мянга, өрөм 9-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Гадуур гарч буй цагаан идээний үзэсгэлэнтэй ялгаагүй үнэтэй байгааг дуулгав. “Бөмбөгөр” худалдааны төвөөс гараад Чингисийн талбайг зоривол үнэхээр цагаан идээний үнэд нэг их ялгаа ажиглагдсангүй.

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн гараад долоо хонож байна. Энд голдуу Архангай аймгийн малчид цагаан идээний үзэсгэлэнгээ дэлгэжээ. Гэхдээ худалдаачид биш голдуу малчид, малчдын ах дүү хамаатан, садан үзэсгэлэнд оролцож байгаа гэдэг утгаараа үнийг бага зэрэг буулгаж өгч байв. Энд ч мөн хорхой ааруул 8-12 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Сүүн ааруул 15-20 мянган төгрөг, өрөм 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Ойрын гурав хоногоос эхлээд худалдан авагч гайгүй болж байна хэмээн Архангай аймгаас ирж оролцож байгаа нэгэн малчин хэлэв. Тэрбээр “Энэ жилийн хувьд зун их хожуу болсон болохоор цагаан идээний гарц бага байна. Хэдий тийм ч цагаан идээгээ нэг их үнэд хүргээд, өсгөөд байсангүй. Монголчуудын их баяр болох гэж байхад үнээ өсгөөд яах вэ гэж бодлоо. Тэгээд ч худалдан авагч тааруу байна” гэсэн юм.

 

“ХЭВИЙН БООВ 2000 ТӨГРӨГ”

Чингисийн талбайд дэлгэсэн хэвийн боовны хувьд ширхэг нь 2000 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Зүсэлттэй хэвийн боовны хувьд өнгө үзэмж сайтай гэдгээрээ эрэлт ихтэй, тэр хэрээр 2000-аас дээш үнэтэй. Харин зүсэлтгүй хэвийн боов 2000-2500 төгрөг байв. “Бөмбөгөр” худалдааны төвд ч мөн адил хэвийн боов дундаж ханштай. Ихэнх хэвийн боовны хувьд дундаж ханш 1900-2000 төгрөгийн үнэтэй. 15 ширхгээр савлагдсан бол 30 мянган төгрөг, суурь еэвэн дагалдана. Мөн 21 ширхэгтэй нь 42 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин Гандангийн боовыг шар тосоор багсарч зуурдаг гэдгээрээ амттай хэмээн үнэлэгддэг. Тэгвэл Гандангийн хэвийн боов 1900-2200 төгрөгийн хооронд нийтлэг үнэтэй байгаа юм.

 

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ОНЦЛОХ БЭЛГҮҮД”

Сар шинийг гарын бэлэггүй тэмдэглэдэг болох уриалгыг хэдэн жилийн өмнөөс гаргасан. Гэсэн ч ахмад буурлуудын хувьд үр ач, ах дүү нарыхаа гарыг хоосон гаргахыг хүсдэггүй гэдэг. Тиймээс зочилсон хүн болгонд Эрээний хямдхан бараа бус, үр ач, ах дүү нартаа л чанартай, тоотой бэлгийг эрхэмлэдэг болжээ. Тэгвэл сар шинээр ах, дүү, хамаатан садан, ойр дотныхондоо бэлэглэж болох чанартай, үндэсний үйлдвэрлэлийн бэлгийг таны өмнөөс сонгож, санал болгохоор “Hunnu Mall”-д гарч буй сар шинийн үзэсгэлэнг зорилоо. “Сар шинийн үзэсгэлэн-2016” зөвхөн энд ч биш “Шөнийн зах”, “Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон”, “Хархорин” худалдааны төвүүдэд гарч байгаа юм. Эндээс та үндэсний үйлдвэрлэлийн чанарлаг бэлгүүдийг сонгож болох юм байна.

Мэдээж үндэсний үйлдвэрлэл гэхээр ноосон оймс, цэвэр даавуун фудволк, түрийвч, түлхүүрийн оосор гэсэн хэдхэн зүйл санаанд буудаг. Эдгээр бэлгүүд бий. Ноосон оймсны хувьд 2000-5000 төгрөг, монголын фудволк 8-10 мянга, арьсан түрийвч 10-30 мянга, арьсан түлхүүрийн оосор 5-15 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Гэхдээ бид эдгээр улиг болсон зүйлсээс өөр шинэ содон мөртлөө үнийн хувьд хямд байж болох бэлгийг эрэлхийллээ.

  • Цагаан сарын бэлгэнд зориулж савласан үндэсний үйлдвэрлэлийн хос шаазан эдлэл нүдэнд тусав. Монголын уламжлалт хээ угалз, морьтон хүүхдийн зураг бүхий хос шаазан 4000 төгрөгийн үнэтэй. Мөн сувинер болгоод гэртээ тавих шаазан монгол гэр 5000 төгрөгийн үнэтэй.

 

  • Арьсан бэлгийн багцыг үндэсний үйлдвэрлэгчид худалдан авагчиддаа санал болгож байна. Багцад арьсан түрийвч, түлхүүрийн оосор, бичиг баримтын савны хослол багтана. Үнийн хувьд 10 мянган төгрөг.

 

  • Эсгийгээр урласан эдлэл 5-12 мянган төгрөгийн үнэтэй. Үзэсгэлэнгийн хойд хэсэгт казах түмний хэв маягийг шингээж урласан, эсгийн дээр дэгээ зүүгээр хатгасан кошлоок, салфетка, шагайн олбог, цүнх, мөнгөний сав харагдана. иргэдийн хувьд цагаан сарын бэлгэндээ зориулаад зоосны уут, шагайн олбог, эсгийгээр хийсэн кошлоок, салфетка зэргийг сонирхон авч байгаа гэв. эдгээр эдлэл 5-6 мянган төгрөгийн үнэтэй.

 

  • Монгол бичгийн шидэт цаас 10 мянган төгрөгийн үнэтэй. Энэ цаасыг монгол бичиг сурч буй, бичгийн хэвээ сайжруулах хүсэлтэй хүмүүст зориулжээ. Бийрээр монгол бичиг бичнэ. Бичсэнээс хойш 5-10 секундын дотор бэх арилаад дараагийн зүйл бичихэд бэлэн болдог байна. Ийм шидэт цаасыг монголчууд 2015 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Цаасны хэмжээнээсээ шалтгаалаад 10-20 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Энэ бүтээгдэхүүнийг иргэд ихээр сонирхож эхэлсэн байна.

  • Хүүхдийн хөөрөг даалин найман мянган төгрөгийн үнэтэй байна. Ихэвчлэн эмээ, өвөө нар ачдаа бэлэглэхээр худалдаж авч байгаа аж.

  • Авдар 10-30 мянган төгрөгийн үнэтэй. Энэ жил иргэдийн дунд авсаархан авдрын эрэлт их байгаа аж. Хамгийн жижигхэн авдар 10 мянган төгрөгийн үнэтэй.

Хамгийн том хэмжээтэй авдар 40 см урт, 32 см өндөртэй 30 мянган төгрөг. Дунд хэмжээтэй авдар 30 см урт, 22 см өндөртэй 25 мянган төгрөг. Жижиг хэмжээтэй нь 25 см урт, 18 см өндөртэй 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Эдгээр авдрын худалдаа “Hunnu Mall” төвийн хоёр давхарт гарч байгаа юм.

Б.ЗОЛЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна