ШӨХТГ-т хандсан мэдэгдэл

2016 оны 2 сарын 2

ШӨХТГ-аас 2016 оны 2 сарын 1-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд Юнивишн ХХК-ийг гэрээгээ зөрчин, хэрэглэгчийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл цацжээ.

Юнивишн ХХК-ийн зүгээс тус Хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлсэн асуудлуудыг судалгаанд тулгуурлаагүй, хэт нэг талыг баримтлан Юнивишн ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна.

Сүүлийн үед Юнивишн ХХК-тай холбоотой үүсээд байгаа дараах асуудлуудад компанийн зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж байна.

SPS сувгийн талаар

Юнивишн ХХК-ийн SPS HD ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар Юнивишн ХХК нь спортын төрөлжсөн SPS Plus HD, SPS Prime HD, SPS World HD, SPS Action HD сувгуудыг зөвхөн хэрэглэгчдэд дамжуулах үүрэг хүлээдэг бөгөөд тухайн сувгийн контент болон чанарын асуудалд хөндлөнгөөс оролцох эрхгүй болно. Гэхдээ хэрэглэгчдийн зүгээс ирсэн аливаа санал, гомдлыг цаг тухайд нь удаа дараа албан тоотоор SPS HD ХХК-д хүргүүлэн ажиллаж ирсэн.

HBO сувгийн талаар

Гадаад сувгуудын үнэ тариф тухайн сувгийг эзэмшигч компанийн үнийн бодлогоос хамааран харьцангуй тогтвортой бус байдаг учраас кабелийн телевизүүд болон IPTV үйлчилгээ эрхлэгчид тэдгээр компаниудтай богино хугацааны гэрээ хийдэг. Иймээс хэрэглэгчдэдээ үзүүлэх сувгийн мэдээллээ гэрээндээ нэг бүрчлэн тусгах боломжгүй байдаг. 2011-2013 онд Юнивишн ХХК HBO HD, HBO Family, HBO Signature, HBO Hits гэсэн 4 сувгийг хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол 2013 онд гэрээ сунгах үед НВО сувгийн зүгээс үнээ огцом өсгөж 1.4 сая ам.доллар болсон учраас хамгийн их үзэлттэй НВО HD сувгийн гэрээг сунгаж бусад үзэлт багатай 3 сувгийн гэрээг дуусгавар болгосон. Тухайн үед Юнивишн ХХК-аас бусад  Скаймедиа, Сансар кабель зэрэг компаниуд мөн энэ шалтгаанаар HBO сувгуудыг хаасан болно. Харин Юнивишн компанийн хувьд HBO HD сувгийг нийт хэрэглэгчдэдээ нэмэлт сувгийн багцын төлбөргүйгээр өнөөг хүртэл хүргэсээр байгаа болно.

Интернэтийн шинэчлэгдсэн багцын талаар

2016 оны 2 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа интернэтийн шинэчилсэн нөхцөл нь үнийн хувьд ямар ч өөрчлөлт ороогүй, хэрэглэгчийн интернэтийн хэрэглээг хязгаарлаагүй, интернэт хаагдана гэсэн ойлголт байхгүй болно. Юнивишнийн хэрэглэгчдийн 99 хувь нь сард 49.2GB хүртэл дата хэрэглэдэг гэсэн судалгаанд үндэслэн дээрх шинэчлэлийг хийсэн учраас нийт хэрэглэгчийн 99 хувьд энэхүү өөрчлөлт нөлөөлөхгүй болно. Уг үйлчилгээний шинэчилсэн нөхцөл хэрэгжиж эхлээгүй байхад ШӨХТГ-аас Юнивишн ХХК-ийг хэрэглэгчдээ хохироосон мэтээр урьдчилсан дүгнэлт хийж байгаад харамсаж байна.

Юнивишн ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээг зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

 

ЮНИВИШН ХХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна