ИУ-ыг эсэргүүцэгчид Ромд хурав

2016 оны 2 сарын 2

 

Исламын улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэж буй 20 гаруй орны төлөөлөгчид Ромд цуглан хуралдаж байна. Исламын улсын эсрэг олон улсын цэргийн эвслийн 23 орны төлөөлөгч зэвсэгт бүлэглэлийг Ливид хяналтаа тогтоохыг хязгаарлаж, тэмцлээ хэрхэн үр дүнтэй болгох талаар шинэ төлөвлөгөө боловсруулахаар цуглажээ. Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон Исламын улс бүлэглэл Ливид анхаарлаа хандуулах болсон аж. Эдгээр орон нь Исламын улс зэвсэгт бүлэглэлийн санхүүжилтийн эх үүсвэр болсон нефтийн баялаг нөөцтэй аж. Олон улсын цэргийн эвслийг ахлагч АНУ нь 2017 оны санхүүгийн жилийн улсын төсөвт Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд долоон сая гаруй ам.долларыг суулгахаар Конгресст санал оруулсан аж. Энэ нь өнгөрсөн оныхоос гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

Үүний зэрэгцээ Женевт Сирид тав дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайныг улс төрийн яриа хэлцлийн замаар шийдвэрлэх уулзалт үргэлжилж байна. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн бослого тэмцэл олон жил үргэлжилснээс 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, 10 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна