Ёс зүйн хороо телевизийн гомдлыг хэлэлцлээ

2016 оны 2 сарын 2

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл нэг жилийн ойн босгон дээрээ буюу 2016 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Радио телевизийн ёс зүйн хороогоо хуралдуулж, иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Нэгэн телевизийн 2015 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдрийн 21.00 цагийн мэдээний хөтөлбөрөөр “Хотын төвд байршуулсан сурталчилгааны самбарын тухай”мэдээлсэн нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц ёс зүйн зөрчилтэй хэлбэрээр цацагдсан гэж нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж” төслийн ажилтан Ч.Д болон Д.Э нараас Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол ирүүлсэн байна.

Ёс зүйн хороо уг гомдлыг шинжлэн хэлэлцээд дээрхи мэдээ “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.2 дахь заалтын “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ“, 1.3 дахь заалтын “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэв. Улмаар тухайн телевизийн нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг олон нийтэд мэдээлэх, редакцид нь зөвлөмж хүргүүлэх  арга хэмжээ авахаар боллоо.

Харин нэгэн телевизийн 2015 оны арванхоёрдугаар сарын 09-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа хэмээн үзэж, Дорноговь аймгийн иргэн Г.Г гомдол ирүүлснийг шинжлэн хэлэлцээд 1.1 дэх заалтын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ“, 1.6 дахь заалтын “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана” гэсэн ёс зүйн зарчмыг тус тус зөрчсөн гэж үзлээ. Ёс зүйн хороо уг телевизий нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг олон нийтэд мэдээлэх, редакцид нь зөвлөмж хүргүүлэх  арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Дээрхи хоёр телевизийн аль алиных нь редакцийн зүгээс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, улмаар гомдол гаргагчдаас уучлалт гуйж байгаа тухай тайлбартаа ирүүлсэн байсан нь сайн жишиг гэдгийг ёс зүйн хороо сайшаан тэмдэглэж, шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна