Газрын тос боловсруулах үйлдвэр барина

2016 оны 2 сарын 2

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих шийдвэр гаргажээ.

Тус үйлдвэр нь жилдээ 2.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Түүхий эдээ дотоодоосоо хангана. Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1.2 сая тонноор хэмжигддэг. Үйлдвэрийг Бор-Өндөрт барих нь эдийн засгийн хувьд ч, газар зүйн байршлынхаа хувьд ч зохимжтой гэдэг нь судалгаагаар батлагдсан гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэж байна.

-Нефть боловсруулах үйлдвэрийг барих ажил хэзээнээс эхлэх вэ?

-Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг 2016 ондоо эхлүүлнэ. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралдаа багтаагаад сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана. 

-Нефтийн үйлдвэр барих тухай монголчууд их олон жил ярьсан. Нэг нь ч бүтээгүй. Юунаас болж энэ төсөл хэрэгжээгүй юм бэ. Одоо баригдах үйлдвэрийн байршил нь тодорхой болсон уу?

-Яах аргагүй олон жил үргэлжилсэн яриа. Тусгай зөвшөөрөл авсан 10 гаруй компани нефть боловсруулах үйлдвэр барина гээд ажил хэрэг болоогүй нь үндсэн түүхий эддээ тулгуурласан шийдвэр гаргаж чадаагүйтэй холбоотой болов уу.

Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн олон шийдвэр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарч байсан. Түүнд стратегийн үйлдвэрээ дотоодынхоо түүхий эддээ тулгуурлаж өөрсдөө хөрөнгө оруулалт босгож барих нь зөв юм байна гэсэн шийдвэр гарсан байсан. Энэний дагуу Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Энэ үйлдвэр дотоодынхоо нөөцөд тулгуурласан үйлдвэр байна. Таван байршил сонгосон байснаас хамгийн ашигтай нь Бор-Өндөр сум. Усны нөөц, байршлынхаа хувьд ч Дорнодод боловсруулсан нефтиэ шугам хоолойгоороо татсан ч тэр ложистикийн хувьд хамгийн ашигтай байрлал болж буй учраас шийдвэр ингэж гарч байна.

Сар шинийн дараа Дорнодын газрын тосны түүхий нефтийн олборлолттой газар дээр нь танилцана.

Боловсруулах үйлдвэрийн тухайд үйлдвэр нь хувийн хэвшлийн консерциум дээр тулгуурлагдсан хөрөнгө оруулалтаар явна. Үүнд төр оролцохгүй. Оролцох нэг хувилбар байж болно. Энэ бол хяналтын алтан хувьцаа байж болно гэж харж байна. Харин түүхий нефть дамжуулах хоолой нь төрийн мэдлийн байна. Ажлын явцын талаар аж үйлдвэрийн яам тодорхой мэдээлэл өгч байна.

Төсөл ажил хэрэг болоогүй унаж байсан нь нэгдсэн бодлоггүйтэй холбоотой. Одоо бол нэгдсэн бодлоготой болсон. Нэгдсэн бодлогын хүрээнд бүх талууд ижил тэгш оролцох гарааны нөхцөлийг бий болгосон.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна