“Элгээ чөлөөлье” аян эхлүүлжээ

2016 оны 2 сарын 2

МЗХ энэ хоёрдугаар сарыг “Элгээ чөлөөлье” аян болгон зарлажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард “Уушгиа чөлөөлье” уриа дэвшүүлж, тэр хүрээнд олон чухал ажил хийж хэрэгжүүлсэн. “Элгээ чөлөөлье” аяны эхлэл болгон эрүүл мэндийн салбарын залуусыг “Өглөөний бүтээлч уулзалт”-д урьж, элэгний өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, сарын аяны хүрээнд хийх ажлын талаар санал солилцсон байна.

Монгол улсад жилд элэгний хорт хавдрын 1800 тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшнээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. Тиймээс уулзалтад оролцсон залуус өвдсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм.

Элэгний өвчлөл үүсгэж буй гол шалтгаан нь буруу хооллолт болон архины хэтрүүлсэн хэрэглээ нь байдаг аж. Иймд удахгүй болох Сар шинийн өдрүүдэд өөх тос ихтэй хоол идэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзахыг зөвлөлөө.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна