“Би Г.Шийлэгдамбаар гарын үсэг зуруулаагүй”

2016 оны 2 сарын 2

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсч, тодорхой шийдвэр гаргажээ. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч сэтгүүлчид МАХН-ын талаар түүнээс шалгаав.

-Г.Шийлэгдамба сайд таныг миний өмнөөс бланкан дээр өргөдөл бичиж, гарын үсэг зуруулсан гэж ярилаа. Энэ үнэн үү. Намын санхүүжилтийн талаар юу хэлэх вэ?

-Ямар ч бланкан дээр би гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа тийм боломж ч байхгүй. Авлигатай тэмцэх газарт байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан, энэ хүрээнд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийн асуудал. Намын улс төрийн санхүүжилтийн талаар  хэлэхэд намын санхүү хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.

-Та хандив цуглуулдаг уу?

-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би 40 жил Монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй, хэн нэгэнд ч юм өгч явсангүй.

-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив олж ир гэж тулгаж байгаагүй гэсэн үг үү?

-Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Би тийм асуудалтай тулгарч байгаагүй.

-Шадар сайдаар Н.Энхбаярыг даргыг томилоод таныг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох тохироо хийгдсэн гэдэг үнэн үү?

-Тэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуу.

Өвөлжилтийн байдлын тухайд улсын хэмжээнд Хөвсгөл, Завхан, Архангай, Дундговь, Булган зэрэг нийт 18 аймгийн 98 суманд цагаан зуд нүүрлэсэн байна. Малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүйгээс өвс тэжээлээ худалдан авч чадахгүй болж буй. Тиймээс улсын нөөц дэх 665 тонн өвсийг үнэгүй олгох, 4689 тонн тэжээлийн үнийг хямдруулж олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Отрын бүс нутагт малын даац хэтэрснээс туурайн зуд нүүрлэж болзошгүйг ч анхаарууллаа.

Өвөлжилт хүндрэлтэй аймаг, сумдад өвөлжиж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор түргэн тусламжийн машин авахад шаардлагатай хөрөнгийг улсын нөөцийн сангаас гаргах юм байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна