Гар утаснаасаа тайлбар толийг уншдаг боллоо

2016 оны 2 сарын 2

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар “Монгол хэлний их тайлбар толь” бүтээж, гар утасны хувилбарыг нээх нээлтийн арга хэмжээ Төрийн ордны Иргэний танхимд боллоо.

Энэхүү толь бичгийг Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60 мянган гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үг оруулж бүтээсэн байна. 

“Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утасны хувилбар нь Андройд болон iOS үйлдлийн системд зориулсан хоёр хувилбартай бөгөөд өнөөдөр танилцуулж байгаа хувилбар нь Андройд үйлдлийн системд зориулсан хувилбар юм. Энэхүү хувилбарыг Андройд үйлдлийн системтэй утастай иргэд яг одоо гар утсандаа татаж аваад ашиглах боломжтой юм. Харин iOS үйлдлийн системд зориулсан хувилбарын эрхийг авахаар App store-т хөндсөн бөгөөд 14 хоногийн дараа олон нийтэд хүргэх аж.

Мөн иргэд өөрсдөө шинэ үг, нэр томьёо, үгийн тайлбар оруулахыг хүсвэл www.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягаар хандах боломжтой юм байна.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ.

-Энэ толь бичгийг байнга хөгжүүлж баяжуулж байх боломжтой. Учир нь иргэд өөрсдөө www.монголтоль.мон, www.mongoltoli.mn хаягаар хандаж үг нэмж оруулах боломжтой, хамтын оюун ухааны бүтээл юм. Нэг үгээр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрт ашиглах боломжтой толийг бид нээж байна. Интернэттэй орчинд үгийн дуудлагыг сонсох боломжтой гэдгээрээ онцлог юм. Мөн энэхүү тайлбар толь бичигт нутгийн аялгууны үгийг оруулж өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч гурван зүйлд анхаарч ажилдаг. Нэгдүгээрт, Монголын түүхийг үнэн бүтэн болгох. Хоёрдугаарт, Монгол хэлийг сэргээн хэрэглэх. Гуравдугаарт, Монгол Улсын соёлын их өвийг сэргээхэд анхаарч байна. Тэр ч утгаараа хоршоо, холбоо үгтэй, нутгийн аялгууны үгтэй,  дуудлагатай толь бичгийг санаачлан хийсэн юм.   

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна