Нүүрсний салбарын зардлыг бууруулна

2016 оны 2 сарын 2

-Нүүрсний салбарт зардал бууруулах арга хэмжээг авч эхэллээ-

Дэлхийн зах зээлд нүүрс болон төмрийн хүдрийн үнэ ойрын таван жилдээ өсөхгүй гэж BHP Billiton компаниас мэдээлсэн. Учир нь хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засаг удааширсан төлөвтэй байгаа энэ үед хэрэглээгээ давсан үйлдвэрлэл явагдсан гэж тэд үзэж байгаа юм. Барууны орнууд дэлхийн дулааралтай тэмцэх үүднээс нүүрсний хэрэглээгээ хязгаарласнаас АНУ-д гэхэд сүүлийн хоёр жилд хэдэн зуугаар тоологдох уурхайнууд хаагдаж, зарим компани үйл ажиллагаагаа зогсоолоо. Шинхуа агентлагаас БНХАУ үр ашиггүй жижиг нүүрсний уурхайнуудыг хаан 1 сая орчим ажилчдыг шилжүүлж, 30 тэрбум юанийг (4.56 тэрбум ам.доллар) сандаа байршуулан, дараагийн гурван жилд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 700 сая тонноор бууруулна гэж мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд Хятадад агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шийдвэрт хүргээд байгаа юм. Мөн 2019 он хүртэл шинээр нүүрсний уурхайн зөвшөөрөл олгохгүй гэдгээ Хятадын Засгийн газар мэдэгдэж энэ онд 1000 уурхайг хааж, 60 сая тоннын илүүдэл олборлолтыг танахаар болов. Гэсэн хэдий ч энэ нь үйлдвэрлэлийн илүүдлийг зогсоож чадахгүй юм. Үүнийг дагаад нүүрс баяжуулах хэд хэдэн үйлдвэрүүд ч хаалгаа барихад хүрч дахин 4300 уурхайг хаахаар байна. 2016 онд БНХАУ нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулах зорилт тавьсан ба энэ зорилт нь ойрын хэдэн жил үргэлжлэх төлөвтэй аж.                     

Түүнчлэн Хятадад барилгын салбар болон гангийн үйлдвэрлэлийн өсөлт буурснаар коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээ багассан байна. Үүнээс үүдэн 2015 онд коксжих нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурч, Ганц мод боомтод DAP нөхцөлт түүхий коксжих нүүрсний үнэ чанараас хамаарч нэг тонн тутам 225-260 юань, баяжуулсан нүүрс 335 юань болсон нь  нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн байна. /www.sxcoal.com/

Монгол Улсын төсвийн гуравны нэг, улсын нийт экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын уналт урд хөршийн эдгээр нөхцөл байдлаас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл нүүрсний салбарынхан хүнд сорилттой дахин тулгарлаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жилээс “тэсч үлдэх”-ийн тулд зардлаа бууруулах бүхий л боломжийг хайж, аргаа барав. Уул уурхай дагасан ажилгүйчүүдийн гинжин хэлхээ бий болов. Өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давсан тухай судалгааны дүнг холбогдох байгууллагаас танилцуулсан. Тодруулбал сүүлийн таван жилд уул уурхайн салбарын 9300 хүн 10 орчим тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Уул уурхай дагасан ажилгүйдэл нэмэгдэж байгааг энэ тооноос харж болно. Томоохон компаниуд зардлаа бууруулах бодлогыг барьсанаас туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч олон компани ажлын байраа алдаж, зогсоход хүрээд байна.

Манай улсын хувьд нүүрсний хамгийн том орд нь Таван толгой буюу нийт 6.5 тэрбум тоннын нөөцтэй, үүний 1.8 тонн нь  коксжсон нүүрс. Уг ордод  төрийн өмчит “Эрдэнэс-Таван Толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван Толгой” ХК болон “Үндэсний Хишиг Арвин Индустриал”, МНО, Мера компаниуд олборлолт хийж байна. Эдгээр компаниудын үйл ажиллагаанд дэлхийн нүүрсний салбарын тогтворгүй байдал хүндээр нөлөөлж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоов. 2015 оны 12 дугаар сард монголын уул уурхайн томоохон гэгдэх “Энержи Ресурс” компанийн зүгээс 200 хүнийг халах болсноо мэдэгдсэн. 

Харин төрийн өмчит “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хувьд аль болох зардлаа бууруулах зорилгоор үйл ажиллагааны зардал болон бүтээгдэхүүний өртгийг хэрхэн бууруулах талаар тооцоо судалгаа хийж, компанийн үйл ажиллагааг тасалдалгүй хэвийн, жигд, татварын орлогыг бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд үед ажлын байр хадгалах, татварын орлогыг тасалдуулахгүй байх, мөнгөн урсгалыг ханган ажиллахын тулд компани хичээн ажиллаж байгаа аж.

Монголын хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багасаж, том төслүүдээ урагшлуулахгүй улс төржсөөр байвал улам бүр дордох дүр зураг харагдаж байна. Дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес дампуурах эрсдэлтэй байгаа нь эдийн засгийг сэргээхэд хүндрэлтэй гэдгийг шинжээчид хэлж байгаа. Түүхий эдийн үнэ тогтмол биш, байнгын хөдөлгөөнтэй, урьдчилан таамаглахад хэцүү. Иймд үнэ өсөхийг хүлээгээд суух уу, эсвэл өнөөдрийн үнэ дээр боломжийн хэлцэл хийх үү гэдгийг өнөөдрийн эдийн засаг сануулсаар байна. Нүүрсний салбар уналтад орсон ч ойрын арав гаруй жил дэлхий дахинд нүүрсний хэрэглээ байсаар л байх болно. Дэлхийн улсууд ногоон эдийн засгийн бодлого баримталж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл рүү шилжих шилжилтийн энэ л үеийг алдахгүйгээр томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.  

                                                                                                                                       Г.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна