АБГББХ таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

2016 оны 2 сарын 2

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжив

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Энэ асуудлыг манай намын бүлэг дээр ярилцахад нухацтай хандаж нарийвчлан судалсны үндсэн дээр гишүүд нэгдсэн ойлголтод хүрч, итгэл үнэмшилтэй болж байж хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гарсан” гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасч түр хойшлуулах санал гаргасан. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гаргаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Ц.Цолмон танилцуулсан юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос гишүүн орнуудын хүрээнд олон улсын чанартай Хуурай боомт байгуулах ажлыг санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, уг хэлэлцээрийн эх бичвэрийг 2012 оны 6 дугаар сард болсон Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн асуудлаарх тусгай хуралдаанаар авч хэлэлцэн эцэслэж, төслийг НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит хуралдаанаар батлахаар тогтжээ. Монгол Улсын Засгийн газар уг хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулахаас батлах хүртэлх бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд хэлэлцээрийг байгуулах нь далайд гарцгүй Монгол орны хувьд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотод 2013 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын Азийн тээврийн сайд нарын 2 дугаар чуулга уулзалтын үеэр тус хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Далайд гарцгүй манай орны хувьд Азийн болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа тээврийн олон улсын сүлжээгээр дамжуулан Ази болон хөрш орнуудтай гадаад худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын стандартын шаардлага хангасан олон улсын чанартай Хуурай боомтуудыг байгуулах замаар эдгээр орнуудтай транзит болон тээврийн үйлчилгээг либералчлах, олон улсын холбогдох гэрээ, конвенцид шинээр нэгдэн орох, олон улсын жишигт нийцсэн бүс нутгийн нэгдсэн тээврийн коридор бий болгох, нийтлэг журам, стандартыг нийцүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийж, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгааг сайд илтгэлдээ дурдлаа.

“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т далай, тэнгисээс алслагдсан орны аймаг, нийслэл, мужийн нийслэл, эсхүл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоотой олон улсын нэгдсэн тээвэр, логистикийн системийн чухал хэсэг нь болох олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг хэлэлцээрийн хавсралтаар баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгажээ. Манай улсаас олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой гэж тусгагдсан байна. Эдгээр байршлууд нь Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой юм. Иймээс Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улс оролцогч тал болон нэгдэж, төмөр зам болон авто замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар манай улс ямар үүрэг хүлээх, дарамт шахалтад орох эрсдэл үүсэх эсэхийг тодруулахад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцээрийг соёрхон баталснаар манай улс ямар нэг хатуу үүрэг хүлээхгүй, уг хэлэлцээр нь худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, богино хугацаанд транзит тээврийг нэвтрүүлэхэд чиглэж байгаа гэсэн хариулт өгөв. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс байнгын хороод тогтоолын төсөлд тусгагдсан өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлуудыг хэлэлцэх санал гаргасны дагуу энэ асуудлын талаарх байнгын хороодын санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Д.Бат-Эрдэнэ нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжд танилцуулав.

Улсын Их Хурлаас 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолыг баталсан. Мөн 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулж, стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээ, түүнийг орлуулан тооцох, түүнд нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалтыг бий болгосон. Харин Цөмийн энергийн тухай хуулийн 6.1-д цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна гэж заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ уг хуульд тусгагдаагүй байна. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоогийн нөхцөл байдалд үр ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой бус, нарийвчилсан зохицуулалтгүй байгаа учраас цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Дэмбэрэл нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар хариулт өгсөн юм.

Харин хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн шатанд анхаарах асуудлууд байгаа учраас анхны хэлэлцүүлгийн үеэр тодорхой санал гаргах болно, түүнчлэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах

арга хэмжээний талаарх тогтоолын төслийг дэмжив

Мөн энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 9 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч болзошгүй газар хөдлөлтийн төлөв байдал, хандлага, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар хийж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийхэд Засгийн газрын Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүн оролцож, Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуултад тодорхой хариулт өгч, тулгарч буй асуудал, эрсдэл, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Улмаар Улсын Их Хурлын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 228 дугаар захирамжаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын тооцоог гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /дэд ажлын хэсэгтэй/ байгуулагдаж ажилласан юм.

Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар дэд ажлын хэсгээс боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, зарим асуудлыг Засгийн газар, орон нутгийн түвшинд шийдэхээр шилжүүлэх, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор тогтжээ. Түүнчлэн тэргүүн ээлжинд шийдэх шаардлагатай асуудлыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд танилцуулж, 2016 оны улсын төсөвт тусгуулахаар тогтсоны дагуу 6 арга хэмжээнд шаардлагатай 2.659,4 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгуулсан байна.

Мөн уг ажлын хэсэг газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээний саналуудыг дахин боловсруулж, Засгийн газарт хамаарах асуудлаар “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө /2016-2020 он/”-ний төсөл, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө /2016-2020 он/”-ний төсөлд үндсэн 4 чиглэлээр 62 арга хэмжээг тусгасан агаад уг төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор баталж хэрэгжүүлэх юм байна.

Харин “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар түүнд тусгагдсан асуудлууд Засгийн газрын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдаж, улс орны хөгжлийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв зэрэг бодлогын баримт бичигт тухай бүртээ тусгагдаж хэрэгжих боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны эцэст нууцын зэрэглэлтэй асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна