200 жилийн түүхэн олдвор илрүүлжээ

2016 оны 2 сарын 2

Нийтийн тооллын 93 онд Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөн хэмээн үздэг. Үүний дараа зарим хүннүчүүд Хятадын хойд хэсэг, Өвөр Монголд очиж нутагласан. Чухам энэ үеэс хойш 200 жилийн түүхийг гэрчлэх археологийн олдвор өнөөг хүртэл олдоогүй юм. Тэгвэл Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жилийн судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд энэ 200 жилийн хугацаатай холбогдох түүхэн олдворыг илрүүлжээ. 2015 оны 6-7 дугаар сарын хооронд Монгол, Францын хамтарсан судалгааны анги Баян Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт Сяньбигийн үе буюу нийтийн тооллын өмнөх 2-4 дүгээр зуунд холбогдох бүтэн оршуулгын газар, цөөн тооны эд зүйлс олжээ. Булшны хадгалалт сайн байсан учраас хүннүгийн ясан дээр хийх бүх судалгаа боломжтой хэмээн тэд дүгнэжээ. Гол нь Хүннүгийн үеийн судалгааны нуугдмал байсан энэ үед холбогдох олдворыг илрүүлснээр бид эх түүхээ судлах тодорхой хэрэглэгдэхүүнтэй болж буйгаараа онцлог юм байна.

Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн 2015 онд чамлахааргүй түүхэн амжилттай ажиллажээ. Өнгөрсөн жил Монгол Улс гадаадын есөн улстай хамтарч 15 аймгийн 33 суманд судалгаа явуулсан байна. Энэ хүрээнд 100 орчим түүхэн дурсгал, 1000 гаруй эх хэрэглэгдэхүүнийг илрүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Чингис хааны анхны нийслэл Аваргын балгасанд цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэдэг дархны зуух, алт мөнгөний бүрэн хэрэгслийг анх удаа илрүүлсэн байна. Мөн хүннүгийн үеийн шавар ваар сав, урлагийн шинэ олдворыг илрүүлсэн байна.

Соёлын өвийн тухай хуульд заасан бас нэгэн ажил нь авран хамгаалах судалгаа юм. Өнгөрсөн жил авран хамгаалах судалгааг 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон бусад газруудад хийжээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён ууланд хийсэн авран хамгаалах судалгааны ажлын үр дүнг сэтгүүлчид сонирхож байв. Ноён ууланд хийсэн авран хамгаалах судалгааны дүнд нийтдээ есөн дурсгал олджээ. Авран хамгаалах судалгааг зөвхөн уул уурхайн компанийн газраар хязгаарлахгүй 21 аймгийг хамруулж чадсан гэх мэдээллийг энэ үеэр албаныхан өглөө. Зөвхөн уул уурхайн бүсээс гадна өнгөрсөн жил шинээр тавигдаж байгаа авто замын трассын дагуу найман аймгийн 20 сумын нутагт гүйцэтгэжээ. Улмаар 2600 орчим дурсгал шинээр илрүүлсэн байна. Үүгээр зогсохгүй усан цахилгаан станц барих талбай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай дахь 270 дурсгалыг малтан шинжилсэн гэх таатай мэдээ байна.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна