Ардчилсан нам ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүллээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ИЗНН (Иргэний зориг-Ногоон нам) болон МҮАН (Монголын үндсэний ардчилсан нам)-уудад нэгдэх санал хүргүүлэхээр болсон байна. Энэ шийдвэрийн дагуу Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ИЗНН-ын ЕНБД Б.Хүдэр-Янд нэг дэх саналыг гардуулан өглөө.

Тус саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт Иргэний зориг-Ногоон нам чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байгаа ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. Иргэний зориг-Ногоон нам нь Монгол Улсын Их Хурлын удаа дараагийн сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт гишүүнээр хамтран ажиллаж ирлээ. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн Монгол Улсад хууль дээдэлсэн, ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсын улс төр, нийгмийн ирээдүйн хөгжлийг хангах зорилгоор Иргэний зориг-Ногоон намыг Ардчилсан намд нэгдэн ажиллах саналыг хүргүүлж байна. Иймд Улс төрийн намын тухай хууль болон тус тусын намын дүрмийн хүрээнд ажлын хэсэг томилон хэлэлцээр хийхийг Ардчилсан намаас Иргэний Зориг-Ногоон намд санал болгож байна” гэжээ. 
Иргэний Зориг-Ногоон Намын ЕНБД Б.Хүдэр-Ян “Саналыг хүлээн авлаа. Манай хоёр нам олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Энэхүү албан саналыг бид намын дүрмийнхээ дагуу хэлэлцэж зохих шийдвэрийг гаргах болно” гэсэн байна.

Харин АН-ын дарга З.Энхболд МҮАН-ын Д.Батцэрэгт нэгдэх саналаа гардуулсан байна.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж