Айовад Хиллари амжилттай байж, харин Трамп бүтэлгүйтэв

2016 оны 2 сарын 2

 

Намын идэвхтнүүдийн анхны цуглааныг Айова мужид явуулах уламжлал 1972 оноос АНУ-д тогтжээ. Тэр цагаас уг хойд муж улс нь сонгуулийн цувралын эхлэлийн “улс төрийн барометр” болсон юм.

 

Бүгд найрамдахчууд ба ардчилагч нарын намын идэвхтнүүдийн анхан шатны хурлууд буюу “кокусууд” (англ. Caucus - "кокус" (caucus) гэсэн үг нь хойд Америкийн индианчуудын омгийн алгонкин гэх хэлнээс үүсэлтэй. Янз бүрийн хувилбараар омгийн толгойлогч эсвэл ахлагч, овгийн зөвлөл ингэж нэрлэгддэг. Бас  энгийнээр “маш шуугиантай цуглаан” гэсэн үг юм.) одоо Айова мужид нээгдэж байгаа ба тэндээс намуудын үндэсний их хурлын төлөөлөгчдийг  сонгох юм.

 

Эдгээр хурлуудыг явуулахаар сургуулийн спортын заал, хоолны газрууд, номын сангийн уншлагын танхимууд, сүм, нийгмийн төвүүд, хотуудын зөвлөлийн  байрнууд, том дэлгүүрүүд, гал сөнөөгчдийн байр зэргийг сонгон авсан байна.

 

Мужийн тэргүүлэх сонин Des Moines Register ба Bloomberg-ийн мэдээний салбарын хамтран Бямба гаригт явуулсан судалгаагаар Айова мужид Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп нар намын сунгаандаа ялах магадлалтай байна. Мөн уг мужаас намын их хурлын төлөөлөгчөөр 30 бүгд найрамдахчууд, 52 ардчилагч сонгогдох юм.

 

 

Техас мужийн сенатор Тед Круз Бүгд найрамдах намын идэвхтнүүдийн анхан шатны сонгуульд ялагчаар тодорлоо. Ялна гэж тооцож байсан Трамп 24 хувийн дэмжлэгтэйгээр  хоёрдугаарт оржээ. Харин Тэд Круз 28 хувийн санал авсан байна. Мөн Флорида мужийн сенатор Марко Рубио гэнэтхэн сайн амжилт үзүүлэн 23 хувийн санал авчээ.

 

Ардчилсан намын праймеризийн саналын хуудсын 97 хувийг тоолсоны дараа Хиллари Клинтон  49,8 хувьтай, Берни Сандерс 49,6 хувьтай зэрэгцэн явж байна.

 

 


 

Лавлах: АНУ-ын праймеризийн түүх

 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ удаагийн өрсөлдөөний  анхны праймеризууд  (Пра́ймериз - англ. primaries, олон тоон дээр. англ. primary elections- урьдчилсан сонгууль-улс төрийн намын нэгдсэн нэр дэвшигчийг тодруулах анхан шатны хурлуудын санал өгөх нэгэн хэлбэр. Одоогоор энэ үг ямар ч орны сонгуулийн хэллэгт нэрийтгэл нэр болоод байгаа.) Айова мужид болж байгаа юм.

 

Түүх

 

АНУ-ын Үндсэн хуулинд төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг сонгох ажиллагаа ороогүй. Тэнд намуудын тухай ч өгүүлээгүй. 1796 оноос Конгрессийн гишүүдийн албан бус уулзалтаар нэр дэвшигчдийг тодруулах уламжлал тогтсон байлаа. Дараа нь намуудын үндэсний их хурлууд (конвентууд) нэр дэвшигчдээ тодруулдаг болов. Анхны тийм их хурлыг Антимасон гэх жижиг намынхан 1831 онд хийжээ. Дараагийн жилд нь Ардчилсан ба Үндэсний бүгд найрамдах намын гишүүд их хуралд цугларав. Гэхдээ нэр дэвшигчдийг тодруулах ажлыг намын элитүүд явуулдаг байснаас асуудал тэдний хөшигний арын уулзалтаар шийдэгддэг байлаа. ХХ зууны эхээр АНУ-ын нийгэмд  ардчилсан эрх чөлөөг өргөжүүлэх, сонгуулийн шинэчлэлт хийх эрэлт бүрэлдлээ.

 

Үүний үр дүнд анхан шатны сонгууль  гарч ирэн ерөнхийлөгчийн нэгдсэн нэр дэвшигчийг тодруулах ажиллагаанд хүн амын оролцоог нэмэгдүүлэх боломжийг гаргаж өгөв. Үнэн хэрэгтээ тэр нь нэр дэвшигчдийн чансааг тогтоох, “нэр дэвшигчдээс нэр дэвшигчийг” сонгох намын их хурлын төлөөлөгчдийг сонгох   намын дотоод сонгууль юм.

 

Заавал праймериз явуулах хуулийг баталсан анхны муж нь Висконсин (1903), хоёр дахь нь Орегон (1910) болжээ. АНУ-ын ерөнхийлөгч Вудро Вильсон 2013 оны Конгрессийн илгээлтдээ праймеризийн систем байгуулах шаардлагатайг дурдсан байлаа. Ерөнхийлөгчийн 1916 оны сонгуулийн үеэр 48 мужийн 25-д нь праймеризийг ашиглажээ. Гэсэн ч зарим муж янз бүрийн шалтгаанаар хожим түүнээс татгалзсан гэнэ.

 

1940-1950-иад онд намууд праймериз явуулж байсан ба нэр дэвшигч заавал түүнд оролцох шаардлагагүй байлаа. Нэр дэвшигч намын аппаратаас дэмжлэг аваад сонгуулийн цорын ганц нэр дэвшигч болж чадах байлаа. Харин 1960-аад оны сүүлчээр байдал орвонгоороо өөрчлөгдөв. Намын нэр дэвшигчийг тодруулах праймеризийг заавал явуулж байхаар боллоо. Дараагийн жилүүдэд нь праймериз улам чухал болж ирсэн ба нэр дэвшигч намын их хурлаас өмнө анхан шатны сонгуулийн дүнгээр тодрох нь улам бүр нэмэгджээ.

 

Зорилго

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулах  намын анхан шатны сонгууль нь  дараах зорилготой. Үүнд:

 

-Төрийн тэргүүнд сонгогдох хамгийн боломжтой хүчтэй нэр дэвшигчийг гаргаж ирэх;

 

-Намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг сонгох намын их хурлын төлөөлөгчдийг батлах.

 

АНУ-ын сонгуулийн системийн онцлог нь нэг талаас намын дэмжигчдэд тодорхой хүний төлөө санал өгөх боломжийг өгөхөөс гадна нөгөө талаасаа нэр дэвшигчийг  сонгогчдын төлөөлөгч гэх намын их хурлын төлөөлөгч нараар сонгуулах албан ёсны үүрэгтэй. Тийм маягаар праймериз хоёр шатаар явагддаг. Эхний шатанд нь хамгийн алдартай нэр дэвшигчийг шууд санал хураалтаар тогтоож өгнө. Хоёр дахь шатаар нь намын их хурлуудаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнийг сонгодог.

 

Хууль

 

Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгууль 50 муж улс, Колумбийн тойрогт (АНУ-ын улсын нийслэл Вашингтон хотын албан ёсны нэр бөгөөд хууль эрх зүйн тусгай статустай) явагддаг. Мөн АНУ-ын нутаг дэвсгэр гэгдэх Пуэрто-Рико, Гуам, Хойд Марианы арлууд, Виржинийн арлууд, Самоа-гийн оршин суугчид ерөнхийлөгчийн үндсэн сонгуульд санал өгөх эрхгүй учир зөвхөн праймериз л явуулна.

 

Ер нь праймериз явуулах үндэсний хэмжээний дэг журам байхгүй.

 

Нэр дэвшигчид

 

АНУ-ын нутаг дэвсгэрт 14-өөс дээш жилийн хугацаанд амьдарч, 35 нас хүрсэн хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Нэрээ дэвшүүлэх, бүртгүүлэх нь нэлээд төвөгтэй. Зарим мужид нэр дэвшигчийг дэмжсэн сонгогчдын гарын үсэгтэй жагсаалт хэрэгтэй бол бусад мужид нь орлогын тодорхой хувийн барьцааны хувийн мөнгөний барьцааг өгдөг. Зарим газарт намын бага хурлаас улстөрчийг нэр дэвшигч болох зөвшөөрлийг гаргадаг.

 

Ердийнхөөр  анхан шатны сонгуульд оролцохоор хэдэн зуун хүн бүртгүүлнэ. Энэ жилийн сонгуульд нэрээ дэвшүүлэх өргөдлийг 1531 хүн холбооны болон мужийн сонгуулийн комисст гаргажээ. Урьдчилсан сонгуулийн дүнгээр нам бүр нь 1-2 нэр дэвшигч дээр тогтсон байх ёстой.

 

Төлөөлөгчид

 

Нам тус бүрийн боловсруулсан томьёоллын дагуу үндэсний номинацийн их хуралд муж бүрээс хичнээн төлөөлөгч сонгогдох ёстойг заасан байдаг. Тэнд нь мужийн хэмжээ, хүн амын тоо, уг намыг хэрхэн дэмжиж ирсэн түүх, намын лидерүүдийн засаглалд эзлэх хувь зэргээс төлөөлөгчдийн тоог тогтоодог ажээ.  

 

Намын их хурлын төлөөлөгч болох хүсэлтэй хүн бүртгүүлэх ажиллагааг дамжина. Тэнд нь хүйс, арьсны өнгө, яс үндэс, шашин, бэлгийн чиг хандлага буюу эрүүл мэндийн тодорхойлолт ордог ажээ.

 

Праймериз

 

Праймериз нь өргөн утгаар ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх  анхан шатны сонгуулийн бүх арга хэмжээний нэгтгэл юм. Тэнд праймериз, кокус бүгд орно

 

Явцуу утгаар бол түүнийг мужуудын сонгуулийн хороод явуулдаг анхан шатны сонгуулийн нэг хэлбэр бөгөөд санал хураалт нууцаар, саналын хуудсаар  явагдана. Хаалттай эсвэл нээлттэй хэлбэртэй. Эхнийх нь өмнөөс бүртгүүлсэн аль нэг намын дэмжигчид  санал өгнө. Дараагийн  хэлбэрт нь хүссэн бүгд санал өгч болно. АНУ-д намын гишүүнчлэл гэж байхгүй. Мөн  их хурлын төлөөлөгчийг  тэд давхар сонгох ёстой.

 

Кокусууд

 

Анхан шатны сонгуулийг явуулах нэг хэлбэр нь энэ юм. "Кокус" (caucus) гэсэн үг нь хойд Америкийн индианчуудын омгийн алгонкин гэх хэлнээс үүсэлтэй. Янз бүрийн хувилбараар омгийн толгойлогч эсвэл ахлагч, овгийн зөвлөл ингэж нэрлэгддэг. Бас  энгийнээр “маш шуугиантай цуглаан” гэсэн үг ажээ.

 

Аль нэг намын дэмжигчид цугларч нэр дэвшигчийн талаар ярилцах бөгөөд XIX зуунд тогтсон уламжлалын дагуу санал хураалт явагдана. Тусгайлан бэлтгэсэн саналын хуудас байхгүй, төлөөлөгч бүр нь хуудсанд өөрийн дэмжигчийн нэрийг бичиж өгдөг. Саналын 15 хувийн босгыг даваагүй нэр дэвшигч ялагдсанд тооцогдоно. Ялагдсан хүнийг дэмжигчид бусад хэсэгт нэгддэг. Кокус нь намын бүх босоо бүтцээр явагдана. Дүүрэг, аймаг, тойрог, мужийн кокусуудаас дараагийн  шатны кокусын төлөөлөгч нарыг сонгож байдаг. Одоо кокус нь 50 мужийн 15-д Колумбийн тойрог ба таван бие даасан нутаг дэвсгэрт явагддаг.

 

Санал тоолох

 

Нам бүр сонгуулийнхаа дүнг гаргана. Харин санал хураалт бүр нь өөр өөр. Ардчилсан нам гэхэд пропорционал системийг хэрэглэнэ. Мужид нэр дэвшигч 40 хувийн санал авсан бол уг мужийн сонгогчдын 40 хувийн дэмжлэгтэй гэж үзнэ.

 

Бүгд найрамдах нам энэ системийг заримдаа л ашиглана. Бага саналтай нэр дэвшигчид нь их саналтай хүндээ төлөөлөгчөө өгдөг.

 

Их хурал

 

Урьдчилсан сонгуулийн цувралыг намын их хурал нь төгсгөнө. Их хурлууд долоо ба есдүгээр сард явагдана. Праймеризаар хамгийн их саналтай нэр дэвшигчийг нам нь албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлнэ. Нэр дэвшигч их хурал дээр харьцангуй олонхийн саналаар ялах ёстой бөгөөд мөн тэнд ирэх дөрвөн жилийн хөтөлбөрөө гарган хэлэлцүүлдэг. Ялагч дэд ерөнхийлөгчид хэнийг сонгосноо зарлан батлуулдаг.

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд 4764 төлөөлөгч ирэхээс 2383 хүний дэмжлэгийг авсан байх ёстой. Бүгд найрамдах намын нэр дэвшигч 2472 төлөөлөгчийн 1237 саналыг авах ёстой. Их хуралд праймериз, кокусын төлөөлөгчид голчлон их хуралд ирэх учир тэд мужийн сонгуулийн дүнгийн дагуу санал өгөх үүрэгтэй. Намын албан ёсны удирдлага, дэмжигчдийн хэсгийн конгрессмен, сенатор, мужийн захирагч зэрэг ойролцоогоор төлөөлөгчдийн зургааны нэг санал өгөхгүй байж болно. Тэр төлөөлөгчид л нэр дэвшигчийн хувь заяаг нэг биш удаа шийдэж байсан юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд их хурал нь Праймеризээр сонгогдсон хүнийг батлах болжээ.

 

Сонгуулийн дэг

 

Анхны урьдчилсан сонгуулийг Айова (кокус) ба Нью-Гэмпшир (праймериз) мужууд явуулдаг. Энэ сонгуулийн дүн нь хэвлэлээр ихээхэн гарах учир ирээдүйн  лидер тодорлоо гэсэн үг юм. Хэвлэлийн мэдээллийг нь тооцоход энэ хоёр мужийн дүн бусад мужийн сонгуулийн нийлбэрээс илүү их байгаа гэнэ.

 

Мөн сонгуулийн бас нэг чухал шат нь супер Мягмар гариг гэх хэд хэдэн мужид зэрэг болох сонгууль юм. Ердийнхөөр супер Мягмар гариг нэг сонгуулийн үеэр хэд хэдэн удаа явагдана.

 

Энэ жилийн сонгуулийн анхан шатны санал хураалт хоёрдугаар сарын 1-нд Айова-д, хоёрдугаар сарын 9-нд Нью-Гэмпширт явагдана. Гуравдугаар сарын 1-нд анхны супер Мягмар гариг 15 мужид болно. Үлдсэн мужууд зургадугаар сарын сүүлч гэхэд санал хураалтаа явуулсан байх ёстой.

 

Бүгд найрамдах намын их хурал Огайо мужийн Кливленд хотноо долдугаар сарын 18-21-нд хуралдана. Ардчилсан намын их хурал долдугаар сарын 25-28-нд Пенсильвани мужийн Филадельфи хотод хийгдэнэ.

 

Есдүгээр сарын 26, аравдугаар сарын 4 ба 19-нд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн  халз мэтгэлцээн телевизээр явагдана, аравдугаар сарын 4-нд дэд ерөнхийлөгч болох хүмүүс мэтгэлцэнэ.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна