Зүүн Европын орнууд харилцаагаа сэргээх хүсэлтэй байна

2016 оны 2 сарын 2

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр хийдэг “Мэдээллийн цаг” уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр Унгар улсын Ерөнхий сайдын айлчал, “Дэлхийн монгол” хөтөлбөрийн талаар тус яамны Европ, Америкийн газрын дэд захирал Э.Есүхэй, Консулын газрын захирал Б.Болд, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг нар мэдээлэл хийлээ.

Био комбинатыг 25 сая ам.доллараар шинэчилнэ

Айлчлалын хүрээнд 50 орчим компанийн 60 гаруй бизнесийн төлөөлөл иржээ. Энэ үеэр хоёр баримт бичиг боловсруулсан байна. Айлчлалын үеэр Засгийн газар хоорондын таван хэлэлцээр байгуулжээ. Энэ хүрээнд 2013 оноос хойш яригдсан Био комбинатын төрийн өмчит үйлдвэрийн газрыг Унгарын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр техникийн шинэчлэл хийхээр ажил эхэлсэн байна. Зээлийн хэлэлцээрийг байгуулсан талаар мэдээллээ.

Мөн өнгөрсөн жил Унгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус улсад сурах оюутны тоог 100-д хүргэхээр тохиролцсон. Тэгвэл Унгар Улсын Ерөнхий сайдын энэ жилийн айлчлалын хүрээнд тус улсад сурах оюутны тоог 200 болгож нэмжээ. Энэ нь хоёр орны соёлын харилцаа, салбар бүрийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Мөн өнгөрсөн жил Унгар улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нарын айлчлалын үеэр Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод сэргээн нээсэн. Энэ нь Унгар улсын зүгээс хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн Гадаад хэргийн яам мэдээлсэн юм. Ер нь Зүүн Европын улсын Монгол Улстай харилцах харилцаагаа сэргээх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгааг тэд онцоллоо.

“Зөвлөл байгуулагджээ”

Энэ оны Засгийн газрын эхний хуралдаанаар “Монгол Улсыг гадаадад сурталчлах”, “Дэлхийн Монгол” гэх хөтөлбөрийг баталсан. Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталжээ. Ойрын хугацаанд зөвлөл хуралдан энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж батлуулах юм байна. Зөвлөлийн хувьд 15 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бусад хувь хүнийг хамруулан өргөн хүрээний зөвлөл байгуулсан талаар мэдээллээ.

Энэ үеэр сэтгүүлчид дараах асуултанд хариулт авлаа.

-Сар шинийн баяраар хилийн боомтууд хэрхэн ажиллах вэ?

-Одоогоор хилийн боомтууд сар шинээр хэрхэн ажиллах тухай мэдээлэл гараагүй байна. Тухайн үед нь мэдээлэл өгөх болно.

-Өнөөдрийн байдлаар хэдэн оронд Монгол Улсын Элчин сайдын яам ажилладаг вэ. Иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ. Хүүхдийн мөнгө, паспорт солиулах асуудал бүрд заавал Монгол руу ирэхгүйгээр ЭСЯ-аар дамжуулах боломж байдаг уу?

-Өнөөдрийн байдлаар 46 газар Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар ажиллаж байна. Элчин сайдын яам, Консулын газраас иргэний найман төрлийн бүртгэлийг тогтмол үзүүлдэг. Тухайлбал, төрсний болон нас барсны, гэрлэлтийн зэрэг найман төрлийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн гадаад паспорт, буцах үнэмлэх шинээр олгох гэх мэт ажлыг шуурхай үзүүлж байгаа. Жишээ нь, хүүхдийн мөнгө авахдаа тухайн иргэн ЭСЯ, Консулын газарт очиж Монголд байгаа хүндээ итгэмжлэх өгч явуулна. Монгол дахь иргэн нь Гадаад хэргийн яамны Консулын газраас итгэмжлэхээ авна. Ингээд итгэмжлэхийнхээ дагуу хүүхдийн мөнгө авах байдлаар ажилладаг.

Мөн Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн цахим хуудсандаа үйлчилгээнийхээ мэдээллийг тогтмол тавьдаг.

-АСЕМ-ын үйлчилгээнд иргэд машинаа дайчлах хүсэлт гаргаж байна. Ийм боломж бий юу?

-АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулагдсан. Хэд хэдэн салбар ажлын хэсэгтэйгээр зочид буудал, аюулгүй байдал хамгаалалт, унаа тэрэгний асуудлыг хариуцаж байгаа. Зочид төлөөлөгчдөд үйлчлэх унааны асуудлыг хэрхэн зохицуулах талаар ажлын хэсэг ажиллаж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, тодорхой шийдэлд хараахан хүрээгүй байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс унаагаа ашиглуулах санал санаачлага гаргасан. Бид боломжит бүх хувилбарыг судалж тодорхой шийдвэр гаргана. Тэр үед тодорхой мэдээлэл өгье гэлээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна