АСЕМ-ийг угтсан их бүтээн байгуулалт өрнөнө

2016 оны 2 сарын 2

Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалт ирэх долдугаар сард болно. Энэхүү дээд түвшний уулзалтад зориулж Нисэхээс “Шангри-Ла” зочид буудал хүртэлх 13 гудамжийг иж бүрэн тохижуулахаар болжээ. Тохижуулалтад хэчнээн төгрөг зарцуулахыг Улаанбаатар хотын удирдлага маргааш шийднэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс ногоон байгууламж, тохижилтын ажлын зураг төслөө боловсруулж дуусжээ. Мөн Зам тээврийн сайдын багцаас 8.5 тэрбум төгрөг гаргаж 53 улсын төрийн тэргүүн явах Маршалын гүүрнээс Замын цагдаагийн газрын төмөр замын гарам хүртэл 2.6 километр зам, “Баянмонгол” хорооллын урд талын зам буюу Их Монголын гудамжийг Чингисийн өргөн чөлөөтэй холбох 900 метр зам зэрэг гол таван замыг шинэчлэн засварлах юм байна. “Баянмонгол” хорооллын урд талын замыг “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү 2009 онд Дүнжингарав худалдааны төвөө барьж байхдаа өөрийн хөрөнгөөр тавиад, нийслэлд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй гэнэ. Улмаар тухайн замын арчлалт, засварын ажил хаягдсан байжээ.

АСЕМ-ын зочдод зориулж, 37 сая ам.долларын өртөгтэй 300 автобусыг БНСУ-ын зээлийн банкнаас, 32-40 жилийн хугацаатай, жилийн хүү нь нэг хувь хүрэхгүй, эхний найман жил хүү төлөхгүй хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болжээ. Зээлээр авах 300 автобус нь хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдэх юм. Учир нь, олон улсын стандартад нийцсэн сурагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой дээрх 300 автобусыг Засгийн газар АСЕМ-ын үеэр ашиглаад, нийслэл албан ёсоор шилжүүлэн авахаар тохиролцжээ. Одоо нийтийн тээвэрт явж байгаа 800 автобусыг шинэчлэх шаардлагатай байгаа юм.

АСЕМ-ын зочдыг “Шангри-Ла” зочид буудалд байрлуулна гэж тооцоод Нарны замаас шууд Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дундуур шинээр зам тавьж, “Шангри-Ла” зочид буудалтай холбохоор болжээ. Гэхдээ паркийн газар нь Голомт банкны мэдэлд байдаг учир тус банкны удирдлага зөвшөөрвөл парк дундуур шинээр авто зам барих юм байна. Улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банкны эх үүсвэр, нийслэлийн Авто замын хөрөнгөөс нийт 65 тэрбум төгрөг зарцуулж, 2016 онд 42.3 километр замыг өргөтгөж, шинээр 25 километр замыг барьж, 300 орчим метрийн урттай гүүрийг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Замын цагдаагийн газар, Улиастай уулзварт шинээр гүүр барина. Чингэлтэй, Долоон буудал, Шарга морьт чиглэлийн замын ажлыг гүйцээнэ. Мөн Баянзүрхийн товчоогоос Налайх хүртэлх 17.7 километр замыг зургаан эгнээтэй зам болгож шинэчилнэ. 21 дүгээр хорооллын уулзвараас Толгойт хүртэлх 3.5 километр, Найрамдал зуслан хүртэл 13 километр замыг тус тус өргөтгөн засварлахаар тооцжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна