“Органик гэсэн шошго эрүүл хүнсийг илэрхийлэхгүй”

2016 оны 2 сарын 2

УИХ-ын Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02/ хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхийг дэмжлээ.

Хэлэлцүүлгийн явцад Органик хүнсний тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Оюун “Энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд сайн дураараа органик хүнс гэсэн шошгыг тавиулах юм. Энэхүү органик хүнс гэсэн шошгыг гурван жилд нэг удаа шинжилгээ хийж байж олгохоор хуульчилсан” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Алтны компаниуд мөнгөн ус ихээр ашигладаг. Энэ нь хөрсийг гэмтээж, төмс хүнсний ногоо, газар тариаланд сөргөөр нөлөөлөх хор уршигтай. Гэтэл бид шошго наагаад болчих юм яриад байна. Энэ арга чинь удаан явахгүй. Хамгийн гол хөрс шороогоо эрүүл байлгахын төлөө ажиллах ёстой” хэмээсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж санал хэлсний дараа Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна