Үндсэн хуулийн Цэц УИХ-д албан бичиг илгээлээ

2016 оны 2 сарын 2

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц  өнөөдөр /2016.02.02/ Улсын Их Хуралд хандаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх талаар албан бичиг илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичиг хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаарх саналаа ирүүлнэ үү гэсэн агуулгатай бичиг явуулжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Улсын Их Хуралд илгээсэн хариу албан бичигтээ “Уг асуудлаар ... Улсын дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, Улсын дээд шүүх санал ирүүлээгүй, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй байхад энэ долоо хоногийн Улсын Их Хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Улсын дээд шүүхийн саналаар эгүүлэн татах асуудлыг оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар санал гаргаагүй байхад тухайн асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасны дагуу нэгдүгээрт, Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь тогтоогдсон байх; хоёрдугаарт, Цэцийн шийдвэр гарсан байх; гуравдугаарт, анх илгээсэн байгууллагын санал байх гэсэн гурван нөхцөл хангагдах ёстой билээ. Эдгээрийн аль нь ч бүрдээгүй байна.

Иймээс Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн явуулахыг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн гарын үсэг бүхий албан бичигт тэмдэглэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна