“Шинэ мянганыг уншихыг хичээсэн”

2016 оны 2 сарын 3

“Болор цом-2016” наадмын эзэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө 33 дахь найргийн наадмын эзэн болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Монголын утга зохиолын салбарт 20-иод жил шүлэг бичиж, багшилж явсны үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Нутаг усныхандаа баярлаж байна. Намайг харж байсан Зорголхайрхан уул ижийн энгэр шиг ивээж байсанд баярлаж байна. Төв аймаг бол яруу найрагчдаараа алдартай нутаг. Үүгээрээ ч Монголын утга зохиолын салбарт ихээхэн ачааг үүрч явдаг. Үүний залгамж халаа болон энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсондоо туйлын их баяртай байна. Мөн “Болор цом” бол яруу найрагч, зохиолч, уншигчдын хамгийн ойр байдаг, хүсэн хүлээдэг найргийн наадам шүү дээ. Тэр дундаа эр хүний мөчлөг гэж хэлдэг. 33-тай эр хүн гэдэг шиг 33 дахь удаагийн наадамд тэргүүн байр эзэллээ.

-Сүүлийн шатанд уншсан “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ” шүлгийн тухай юу хэлэх вэ?

-Энэ шүлгийг би “Болор цом” наадмын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр бичсэн. Орчин үеийн яруу найргийг уншсан хүн тархиндаа юуг өгүүлнэ гэж дуу алдах. Энэ юуны тухай хэлж байгаа юм бол гэж гайхширах. Тэгэхээр орчин үеийн яруу найрагч, шинэ мянганы найрагчийн хувьд тийм шүлгийг уншихыг хичээсэн. Магадгүй миний сүүлийн даваанд уншсан шүлэг зарим хүмүүст таалагдаагүй байж мэднэ. Би өөрөө хөдөөгийн хүн. Миний бодсон зүйл бол бид суурин иргэншилд ороод хотын амьдралын өргөн дунд явахдаа мөн чанараа гээж байгаа юм биш байгаадаа гэж бодогдоно. Тийм учраас би оршихуйн уран зохиолыг тод илэрхийлэхийг зорьсон юм. Ер нь бид эртнээс суурин иргэншилтэй байгаагүй их хотын тухай соёлыг мэдэхгүй байж хэдхэн жил амьдрахдаа хэт олуулаа бөөгнөрчээ. Эргээд харахад амьдарч нийгмийн болоод оюун санааны хувьд ингэж шавааралдсаныхаа шалтгаанаар оройтож эхэлж байгаа юм биш байгаа даа гэж айдас хүрнэ.

-Шүлэг бичих үед юу бодогдох уу?

-Надад шүлэг бичиж эхэлнэ гэдэг сайхан байдаг. Дунд нь бодно гэдэг бол тамлан байдаг. Шүлэг төрсний дараа нэг тийм сайн амьсгаа авмаар. Магадгүй сэлж чадалгүй усанд байхдаа амьсгаа аван гарч байх тийм сайхан үе байдаг.  

-Энэ жилийн наадмын тухайд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн жилүүдийн наадмууд орон нутагт болж байсныг бид бүхэн мэднэ. Наадам болгонд бүгд биесээ сойгоод эхэлдэг. Энэ бол Монгол түмний, монгол найрагчдын цэнгэлийн наадам юм. Хэн хүнгүй ямар нэгэн шүлэгтэйгээ энд ирдэг. Энэ нь өөрөө тийм гоё соёл юм. Би бусдын адил шүлгээ бэлдээд л ирдэг. Энэ жил ч бас тэгсэн. Магадгүй дээр хэлсэнчлэн орчин үеийн найрагчийн хувьд тийм л мэдрэмжтэй шүлэг уншихыг хүссэн юм.

-Таны хувьд сүүлийн тавд үлдсэн бусад найрагчдынхаа тухай юу хэлэх вэ?

-Шилдэг таван найрагч дунд миний амьдаа болох Х.Эрдэнэбаатар үлдсэн. Түүний хувьд бусад найрагчдаасаа түрүүлж цомын эзэн болсон байсан. Монголын утга зохиолд орж ирэхэд хар нялхаасаа хамт ирсэн, өдгөө хамт яваа Ганзул маань байлаа. Би Утга зохиолын дээд сургуульд багшилж байхдаа олон шавь төрүүлсэн. Тэдний нэг бол О.Цэнд-Аюуш юм. Бүгд л энэ цагийн сайхан найрагчид. Тэр ийм гэж хэлэхэд хэцүү. Тиймээс бүгд л хүчтэй найрагчид, өрсөлдөгчид байсан шүү дээ.  

-Таны хувьд “Болор цом” найргийн наадам хэдэн оноос эхлэн оролцож эхэлсэн бэ?

- Би энэхүү нэр хүндтэй наадамд 2004 оноос эхлэн оролцож эхэлсэн.

-Яруу найраг гэдэг таныхаар?

-Яруу найраг гэдэг шүлгэн хүлэг мөн. Яруу найраг бол хүнийг хүн болгодог гэж ярьдаг. Өнөөдөр монгол найрагчдын, нүүдэлчин сэтгэлгээтэй бичигддэг тэр яруу найрагчийн шүлгийг уншсан хүн би хэн гэдгээ тодорхойлж болно. Энэхүү наадамд би сайхан шүлгээ л уншья гэж бодож ирсэн. Бүгд л шүлгээ унших гэж энд ирдэг. Шүлэг бүрийн цаана ямар нэгэн сэтгэлгээ, увьдас бий. Яруу найраг гэдэг тэгэхээр шүлгэн хүлэг мөн.

-Таны анхны шүлэг ямар шүлэг байсан бэ?

-Миний анхны шүлэг аавын тухай шүлэг байсан. Тэнгэр уулсын аавын тухай нэртэй.

-Намар оройхон шувууд ганганалдаж нуураа зэлгэн нисэн бужигналдана

Хурсан нуурандаа эргэж буцаж

Амьтны үр дээ гэж аав минь алслан одох шувуудыг хараад санаашран

Хавартаа эргээд ирнэ гээд нүүдлийн шувуудтай

Хагацаж ядан нулимс унагана гэж... Магадгүй энэ шүлэг их эмзэглэл байсан байх. Мөн аав минь өөрөө Монголын утга зохиолд нэг том багадаад байхгүй том шүлэг бичсэн.

Ч.БОЛОРЧУЛУУН


“Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.

 

“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”

“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь

Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг

Аль эрт мэдчихсэн болохоор

Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад

Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж

Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.

Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг

                                                                Андтай болов

Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг

                                                                Нөхөдтэй болов

Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад

                                                                Хулчигар болов

Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад

Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх

Хэврэг “үнэн”-ий самбар болов

Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн

Худлаа олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...

Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө

Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг

Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж

Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь

Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий

Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа

Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан

Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас

“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах

Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод

Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг

Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах

Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар

Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар

 “СУУРИН ИРГЭНШЛИЙН” -аас алдуурч

Суварга суварга уулруугаа маргааш би мордоно

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна