“Ноёд хэрэлдэхээр ногоо ургадаггүй гэдэг л болсон доо”

2016 оны 2 сарын 3

-Ангараг гарагийн үр хаялгаар бол зундаа гандуухан, галын эрч чангарна хэмээн гарч буй тул гал түймэр, гал махбодын суурьтай өвчнөөс сэргийлүүштэйг анхааруулж  байна. Жилийн ерөнхий үр хаялга нь ард зон амгалан, мал сүрэгт ээлтэй-

Долоо хоногийн дараа бид хонь жилийг үдэж, бичин жилтэй золгоно. Улиран одож буй хонь жилийн өнгө аяс ямар байсан хийгээд ирж буй гал бичин жил зурхайн толинд ямархан буусан талаар зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байгаа болохоор өнгөрч буй хонин жилийн өнгө, нуруу ямархуу байсан талаарх таны дүгнэлтийг сонсоё?

-Өнгөрсөн жилийн зурхай зонхи нь таарсан. Харин нэг зөрсөн юм нь хур борооны цагаар жаал гантай байлаа. Хэцүүхэн хэдэн хоног үргэлжилсээр... “Ноёд хэрэлдэхээр ногоо ургадаггүй” хэмээн хуучны өтгөсийн сургааль цагтаа буув уу хэмээн бодогдож байсан шүү. Бас ч болоогүй “Бид нар чинь тэнгэр шүтлэгтэй улс” хэмээх ч хур оруулах санаатай тэнгэр огторгуй руу буудаж, тэр нь байндаа байтугай банзанд нь ч эс тусан, хаа нэгэн газар аюул хийгээд өнгөрнө. Эрдэмтэй дээдсийнхээ алтан сургааль амь зуух арга ёсыг ч анхаарахаа больчихсон бололтой. Газрын гагнаас гэгддэг алтан тэргүүтнээ ухаж, байгалийн унаган төрхийг эвдэхийн зэрэгцээ газар лусаа хилэгнүүлнэ. Эв найрамдал муутай “Тангаргын буг шүглэв үү?” хэмээн бодогдом өөр, зуураа хэмхэлдэх нь энэ дэлхийд сайныг авчирахгүй гэдгийг эрхбиш мэдмээр юм даа. Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа “Халуун хушуутай малаа харь элэгтэнд өгвөөс хишгийн хүрээ эвдэрч, даллаганы уут цоорно” гэж айлдсан байдаг. Энэ мэтс нь ган гачиг, гай барцадын үүдийг нээсэн байж юун магад, бодох л хэрэг...

-Тун удахгүй гал бичин жил гарах гэж байна. Ирэх бичин жилийн өнгө ямархуу байх нь вэ. Хувь хүнд болоод улс орны хувьд ямар зүйлд онцгойлон анхаарах ёстойг айлдана уу?

-Зурхайн эрхэм гол шүнгүүдэд "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн хэмээн номлосон буй. Тухайн жилийн гол нөлөө бүхий гарагуудын үр хаялга нь эмгэг өвчин ховорхон, элдэв хорлол дарагдан, худалдаа арилжаа сайжирч, эд эрдэнэ дэлгэрэхээр байгаа. Дагалдах зарим эрхэс тухайлбал, Ангараг гарагийн үр хаялгаар бол зундаа гандуухан, галын эрч чангарна хэмээн гарч буй тул гал түймэр, гал махбодын суурьтай өвчнөөс сэргийлүүштэйг анхааруулж байна даа. Жилийн ерөнхий үр хаялга нь ард зон амгалан, мал сүрэгт ээлтэй байгаа даа.

Би ч сургааль айлдах хэмжээнд хүрчихсэн сүрхий амьтан биш. Хувь хүн ч бай, сайд ноёд ч бай эв, эеэ бодож, элдэв сайн хэрэгт нэгэн үзүүрт сэтгэл гаргууштай мэт.

-Жил бүр онцгойлон засал хийлгэх хүмүүс байдаг. Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэж, тусгай  ном уншуулах  ёстой вэ?

-Олныг нуршаад яахав, цаглабараа хараад, заслаа хийчихвэл болно доо.

-Хонин жилийн тодотгол  “Галзууруулагч” хэмээсэн байсан. Бичин жил нь “Муу нүүрт” гэсэн тодот­голтой байх юм. Жилийн тодотголын талаар та тайлбар өгөөч?

-Ер нь жаран жилийн орчлын жил тус бүр “Чимэг нэр”-тэй байдаг юм аа. Тэр нэр нь тухайн жилийнхээ ерөнхий байр байцыг илэрхийлдэг хэрэг. Энэ нэрсийг эрдэм ухаанд хэтэрхий нэвтэрсэн номт мэргэд хайрлаад, нэгэнт тогтчихсон юм. Халиран одож буй модон хонин жил “Галзууруулагч” хэмээх чимэг нэртэй. Элдэв хилэнцээ боомтолж эе, эвээ алдвал галзуурах мэт араншин үзүүлнэ гэсэн нь ч үнэн бололтой... Гал бичин жилийн чимэг нэр “Нүүр муут” юм. Энэ нэрийн агуулгыг ачит багш минь нэгэн удаа “Гэм эрүүгээ боомтлохгүй бол нигуур муугаа үзүүлэх” гэмтэй хэмээн айлдаж билээ.

-Монголчуудын дунд “Бичин жилийн зуд” гэсэн үг бараг л амны уншлага болсон.  Энэ нь мухар сүсэг үү, эсвэл бичин жил үнэхээр зуд турхан, ган гачиг нүүрлэдэг юм уу. Тийм бол юунаас шалтгаалдаг хэрэг вэ?

-Бичин жил бүр зуд турхан болох албагүй л дээ. Ерөнхий байр байцыг нь өмнө дурдчихлаа.

-Хүмүүс бичин жил, мичин жил гэж хоёр янзаар дуудах юм. Таныхаар аль нь зөв бэ?

-Минийхээр ч гээд байх юу байхав. Мэдээтэй сэхээтэй эрдэмдэн мэргэдийн бүтээл туурвилд бичин жил хэмээн гардаг л даа.

-Эрдэм номтой хүн бүр гарын шавиа бэлддэг. Та олон шавьтай юу?

-Цэргийн дарга, лам, хар нийлсэн чамгүй олон хүн байна аа. Ганц жишээ татахад МУИС-д миний дааж төгсгөсөн МУИС-ийн Эхбичигийн ангийн анхны төгсөгч 12 хүнээс Ц.Баттулга, Ц.Төрбат, С.Янжинсүрэн, Т.Отгонтуул, У.Эрдэнэтуяа, М.Ууганбаяр, Э.Ариунаа нар мэргэжлийнхээ дагуу докторын зэрэг хамгаалсан. Эдний зарим нь олон улсад тоогдож, улс орнуудаар уригдаж залагдсан эрдэмтэд болсон тэр үед багшилж байсан биднээсээ давчихаад байгаа юм аа. Би бас Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны Их Сургуулийн  Эм, Зурхайн ангийн анхны төгсөгч нарт зурхайн ухааны хичээлийг нь хөтөлсөн нэгэн. Тэр шавь нар минь зурхайд нэвтрээд хийд орны өндөр зэрэг дэвтэй, эрдэмтэй лам нар болоод байгаа. Чансаатай засалч, чамгүй сайн эмч нар ч байж л байна.

-Зурхайн ухаан судлаачдыг хүмүүс мэргэлж, төлөг тавьдаг хүн мэт ойлгодог. Зурхайч болоод мэргэч төлөгчид ялгаатай биз дээ?

-Зурхайч хэмээх нь зурхайн ухаанд мэргэжсэн хүнийг хэлнэ. Эрхэсийн орчил энэ дэлхийд хэрхэн нөлөөлөхийг судлан тогтооно гэсэн үг. Бусдуудыг нь ч мэдэх юм алга. Буг чөтгөр шүглэсэн ч юм уу бузгай сайн мэддэг ч юм уу хэн мэдлээ?!  

-Та “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг үздэг үү. ОХУ-ын болоод Монголын зөн билэгтнүүд их ялгаатай харагдах юм. Зөн билэгтнүүдийн талаарх таны бодлыг сонсъё?

-Тийм юм харж байх цаг, саваагүйтэл хоёроос холдсон нэгэн дээ. Өмнө хэлсэн лүгээ үлгэр нэгэн буй.

Ярилцсан Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна