Австриас монголчуудыг буцаана

2016 оны 2 сарын 3

Австри Улсын Засгийн газар гурван жилийн хугацаанд Монгол, Морокко, Гана тэргүүтэй хэд хэдэн орны цагаачдыг албадан нутаг буцаана гэдгээ өнгөрөгч бямба гаригт мэдэгдсэн талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. Ингэхдээ нутагт нь эмх замбараагүй байдал, дайн байлдаан болоогүй нэр бүхий зургаан орны цагаачдыг албадан буцаах тухай бичжээ. Энд Морокко, Алжир, Тунис, Гана, Гүрж, Монгол гэсэн зургаан улсыг нэрлэсэн байна. Www.dpa-international.com сайтад бичсэнээр эдгээр зургаан орны нийтдээ 50 мянган цагаачийг  буцаана. Ингээд 2019 он гэхэд цагаачдыг нутаг буцааж дуусгана гэж тооцоолсон байна. 

Тэгвэл энэ асуудалд Монгол Улсын Гадаад хэргийн яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Австри Улсад Монголын хэчнээн иргэн оршин суудаг талаар тодруулсан юм. Цагаач иргэдийг албадан гаргах нь тухайн улсын Засгийн газрын бүрэн эрх учраас энэ асуудалд Монголын талаас ямар нэг хөндлөнгийн нөлөө үзүүлэх боломжгүй хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Ямартай ч Австрийн Засгийн газрын энэ шийдвэртэй холбоотой бүх мэдээллийг Вена дахь Элчин сайдын яамаар дамжуулан иргэддээ хүргэж ажиллана гэлээ.

Австрийн Засгийн газраас цагаачдыг албадан гаргахдаа “10 хоног” гэсэн аргыг хэрэглэх юм байна. Өөрөөр хэлбэл, цагаачдад өгсөн 10 хоног дотор сайн дураараа гарвал урамшуулал болох 500 еврог олгоно. Харин 10 хоногийн дотор Австри Улсыг орхиогүй тохиолдолд албадан гаргах, баривчилгааг хийх юм байна.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад 125 мянга орчим Монголын иргэн оршин суудаг гэх мэдээлэл байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна