Түүхээр хэлбэрдэгчид...

2016 оны 2 сарын 3

УИХ-ын гишүүдийн тодотгосноор, Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр буюу өчигдөр Монголын түүхэнд тэмдэглэгдэх, түүх соёлоо хамгаалах нэгэн чухал шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд гаргажээ.

Тэр нь Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны танхимуудын нэрийг өөрчилсөн явдал байв. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Монгол ардын намын бүлгийн хүсэлтийг үндэслэн Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан” танхим, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” гэж тус тус нэрлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийнхээ дагуу УИХ-ын дарга өөрийн захирамжаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод Төрийн ордны Байнгын хорооны хуралдааны “Б” танхимд гардуулж, “А” танхимд намынхаа нөхдөд буюу  Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяад гардуулжээ.

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Түүхийг мөнхжүүлэх, тодруулах нь өнөө цагийн төр засгийн ажил албыг хашиж байгаа бид бүхний эрхэм зорилго байх ёстой. Энэ  зорилготой нийцсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн бид баяртайгаар хүлээн авч байна” гэжээ.  

Ийнхүү тэд өөрсдийнхөөрөө танхимынхаа нэрийг хүртэл сольжээ. Дээрх хоёр түүхэн хүний нэрээр танхимын нэрийг өөрчилсөн, өөрчлөөгүй монголын ард түмэнд үүрд дуурсагдах, үндэсний бахархал болсон хүмүүс нь гарцаагүй мөн. Гэхдээ өрөө тасалгаагаа тэдний нэрээр нэрлэлээ гээд мөнхжих нь юу л бол. Араас нь “В” танхимаа Хубилай, “Г” танхимаа Х.Чойбалсаны нэрэмжит танхим болгож түүхэнд мөнхлөх чухал үүрэг үлдлээ.

Тэд түүх, соёл, түүнийг бүтээгч хүмүүний зам мөрийг тодотгох үйлсэд ингэж хэлбэр төдий ханддаг. Түүхээ сэргээж, түүний судалгааг хөгжүүлж, баларч, бүдгэрснийг нь тодруулж, устах аюулд орсныг хамгаалахад төсөв зарцуулах тун чиг дургүй.

Түүхэн бүтээл, түүнийг дэлгэрүүлэхэд маш чухал түлхэц болсон хуулийг батлаад, түүний дагуу жил тутам түүхэн сэдэвт кино, зохиол, бүтээлд 10 тэрбум төгрөг зарцуулж, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэхээр болсон ч өнгөрсөн болоод өнөө жилийн төсөвт ганц төгрөг суулгалгүй гар татсан хүмүүс бол өнөөгийн УИХ. Тиймээс тэднийг түүхээр хэлбэрдэгчид хэмээн тодотгоход буруудамгүй.

Тэгсэн хэрнээ өөрсдийн сонгуулийн шоу, түүний өмнө олон нийтийн тархийг угаах улс төрийн зорилготой ядмагхан бүтээлдээ бол гар таталгүй цацдагийг нь яана. Хэдэн жилийн өмнө өнөөгийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын бичсэн “Долоон бурхан харвадаггүй” кино үүний тод тодруун жишээ. Хэдийгээр өнгө дүрс, хөрөнгө чинээний хувьд хангалттай хийсэн ч үнэндээ түүхэн сэдэвт бүтээлийн хувьд дутуу, дулимаг кино болсон. Түүхийн нарийн нандин асуудлыг зөвхөн нэг талаас, хэтэрхий явцуу өнцгөөс өөрсдийнхөөрөө харуулсан уг киногоор өнөө цагийн залуусын толгойг угаахыг урьдал болгосон нь харамсалтай.

Гол нь ардын хувьсгалыг МАН-ынхан өөрсдийн гавъяа мэтээр, Ардчилсан хувьсгалыг Ардчилсан намын өмч мэтээр харж ирсэн энэ хоёр намын аль алинд нь түүх соёлоо хамгаалж, түүнд хөрөнгө мөнгө зарцуулах хүсэл сонирхол байхгүй. Харин ч түүхэн цаг, мөчлөгийг өөрсдийнхөөрөө өмчилж, нөгөөхийнхөө өмчилснийг үгүйсгэх богино бодол, атгаг сэтгэлээр түүхэнд ханддаг.

Энэ нь ялангуяа тэмдэглэлт өдөр, түүхэн хүний ой зэрэгт илүү тод томруун харагддаг.

Өч төчнөөн хэлэлцэх асуудал, хүндрэл байсаар байтал Ю.Цэдэнбалыг цагаатгана гээд гүйж явдаг улстөрчид ордонд бишгүй бий. 

Өнгөрсөн жил гэхэд л Өндөр гэгээний ойн үеэр энэ үзэгдэл тодоос тод ажиглагдсан. Сүүлдээ энэ халдвар нь эрдэмтэн, судлаачдад халдварлаж, жалга довны үзлээр яс булаалдах нохой шиг хэрэлдэх болсон. Өндөр гэгээний ойгоор түүнийг хэт дөвийлгөж, эсэргээрээ Галдан Бошигтыг дайсан мэт харуулсан ярилцлага, элдэв утгагүй өгүүлэл зэргээр ясыг нь өндөлзүүлсэн.  

Ийм байдлаар л өнөөгийн бид үүх түүх, өв соёлдоо хандаж ирлээ.

Үнэхээр л түүх соёлоо хайрлан хамгаалъя гэвэл өрөөний нэрийг өмчлүүлэх бус тухайн хүний туурвисан цадиг, түүхийг судалж, түүнийг илүү гүнзгийрүүлэхэд төр бодлогоор анхаарах ёстой. Гэтэл даанч тэгсэнгүй.

“Их эзэн Чингис хаан”, Жанжин Д.Сүхбаатар” танхимд гишүүд хэрэлдэж хэлцээд, биенрүүгээ салаавч гаргаж, нэгнийгээ заамдан авч, намалдагийг нь нээлээ гэж бичигдвэл бас эвгүй л юм. Энэ цагийн улстөрд өрнөж буй бохир заваан бүхэнтэй эдгээр түүхэн хүмүүсийн нэр хамт хэлэгдэж, яс нь өндөлзөх болох нь.

Чингис хаан, Д.Сүхбаатар жанжны алдраар оролдсон анхны тохиолдол энэ биш. Төв талбайг Сүхбаатарынх байсныг өөрчлөн Чингисийнх болгож, түүнд нь шүүх нь хүртэл оролцож өвчигнөсөн өрөвдөлтэй нийгэмд бид аж төрж байна.

Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн хэлснээр, 2016 оны нэгдүгээр сарын байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн 167 хууль, тогтоолын төсөл өргөн баригдсан. Үүнээс 108 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Бусад төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа аж.

Энэ долоо хоногт л гэхэд Гацууртын ордыг ашиглах асуудлаас эхлээд эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдол бүхий олон олон асуудал бий. Харин яг энэ мэт хийх ёстой ажлаа болохоор элдэв шалтаг тоочиж, завсарлага авдаг УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ямар ирцтэй ирсэн билээ. Ирц хүрэлгүй хойшилдог байнгын хороо 100 хувийн ирцтэй, дээр нь хаа хамаагүй нөхдүүд нь хүч нэмэгдүүлээд улай үзсэн элээ шиг эргэлдэж байх жишээтэй. Ийм л хөөрхийлөлтэй болчихож. Ийм шийвэр гаргаж байхынхаа оронд Хүннүгийн хаадаас эхлээд Монгол байтугай дэлхийн төрт улсын түүхийг урагшлуулсан олдвор бүтээлээ хамгаалж, мануулах ганц барилгын асуудлыг санал болгоод шийдчихсэн бол УИХ-ын намын бүлтгүүдээр, тэдний саналыг гүйцэлдүүлсэн даргаар нь бахархах байлаа. Гэвч хэлбэр хардаг хүмүүс агуулга хардаггүй бололтой юм. 

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна