Барилгын тухай хуулийг хэлэлцэж байна

2016 оны 2 сарын 3

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Барилгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас энэхүү хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн юм. Төсөлд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд  зөвшөөрөл олгох асуудлыг ангилалтай байхаар, мөн барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байхаар тус бүр зааж өгчээ.  Бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулсан аж.

Мөн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн барилгын үйл ажиллагааны мэргэжлийн оролцогчдын эрх үүргийг тогтоох, даатгалд хамруулах, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэж гэрчилгээ олгох, барилгын компанийг бүртгэх, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох харилцаа зэргийг тус бүр оруулж өгсөн аж.

Хууль батлагдсанаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасна гэж үзэж байна. Барилга барих тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод шийддэг болох нь.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ISO стандарт хангасан барилгын материалуудад хатуу шаардлага тавиад байх шаардлагагүй. Хуульд энэ асуудлыг тодорхой тусгах нь зөв” гэсэн асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Барилгын тухай хуулийн төслийг боловсруулахдаа Замчдын холбоо болон замын байгууллага, авто замчдаас саналыг нь сонсох ёстой байсан. Зам барих процедуртай холбоотой асуудал дутуу дулимаг байна” гэдгийг энэ үеэр тодотголоо.

Мөн гишүүд өнгөрсөн хугацаанд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэчнээн хувийг дахин төлөвлөлтөд хамруулсан бэ гэсэн асуудлыг тодрууллаа. Ажлын хэсгээс өгч байгаа мэдээллээр 2012-2016 оны хооронд 14 мянган өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж орон сууцжуулжээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн энэ цагт хуралдаж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна