Дотоодын цэргийн тухай хуулийг хойшлуулав

2016 оны 2 сарын 3

Дотоодын цэргийн тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, хойшлуулах шийдвэр гаргалаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өмнөх Засгийн газар дотоодын цэргийг татан буулгаад дотоодын цэргийн зардлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улаанбаатар хотод өмнө нь зургаан хэлтэс байсан. Одоо 14 хэлтэс болж өргөжсөн. Тухайлбал, ХУД-т хоёр, БЗД-т гурав, СХД-т гурван хэлтэс байна. Шинэ хэлтсүүд чинь дотоодын цэргийн зардлаар боссон шүү.  Энэ хуулиар бол дотоодын цэргийн цагдаагийн байгууллага руу шууд татна гэж байгаа бол Улаанбаатар хотод нэмэгдэж баригдсан хэлтсүүдээ татан буулгана гэсэн үг. Хоёрдугаарт, би нэг зүйлийг гайхаж байна. Яагаад албан тушаалд очсон хүмүүс өөрийгөө хамгаалах дон шүгэлчихдэг юм бэ? Үнэхээр цэрэг удирдмаар байгаа бол Батлан хамгаалахын сайд хийж болно шүү дээ. Ерөнхий прокурор байхдаа цагдаагийн нэр бүхий гурван удирдлагыг иргэд рүү галт зэвсэг хэрэглэлээ гэж шоронд явуулчхаад, одоо болохоор би иргэд рүүгээ галт зэвсэг хэрэглэмээр байна, надад дотоодын цэрэг байгуулаад өг гэж санаачилга гаргаж байгаа хувь хүнийг би ойлгохгүй байна. Аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий хүмүүсийн орон тоог нэмчихэд болчих асуудлыг заавал цэрэг байгуулаад, Хил хамгаалах дотоодын цэрэг гэдэг нэгдсэн штаб бий болгоод, армитай адилхан армийг хууль зүйн яамны удирдлага доор байлгах шаардлага байна уу. Би 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхдаа иргэн рүүгээ буу шагайж таван амийг үгүй хийсэн тэр хар өдрийг дахиад гаргуулахгүйн тулд хүний эрхийг хамгаалах төсөл боловсруулсан. Харамсалтай нь өнөөдөр та бүхэн нухчин дарж байгаа юм байна. Юунд бэлдээд галт зэвсэг бүхий хүмүүсийг бэлдээд иргэд рүүгээ дайруулах гээд байгаа юм бэ” хэмээн шүүмжиллээ.

Мөн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын дарга З.Энхболд

-Цагаан сарын өмнө маргаантай асуудлыг хэлэлцээд хэрэггүй. Ээлжит бус чуулган руу шилжүүлье. Тэр хооронд АН-ынхан дотроо хуралдаад шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн санал гаргаж байнгын хорооны гишүүд дэмжсэнээр хойшлуулав.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна