Ахмадын футзалын улсын аваргууд тодров

2016 оны 2 сарын 3

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан ахмадын футзалны аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан МХБХ-оос зохион байгуулдаг ахмадын футзалын УАШТ таван насны ангилалд нийт 50 баг оролцлоо.

Үүнээс 37-42 насны ангилалд  хүрэл медалийн төлөө “Замчин – Сэлэнгэ” болон "Гоёо" багууд өрсөлдсөн юм. Үндсэн цаг 3-3 харьцаатай өндөрлөж ялагчийг торгуулын цохилтоор тодрууллаа. Эсрэг багийн гурван ч цохилтыг амжилттай хаасан “Гоёо” хүрэл медалийн болзол хангалаа. Харин “Замчин Сэлэнгэ” багийн хувьд хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтонд дараалан торгуулын цохилтоор ялагдаж шагналын тавцанд зогсох боломжоо алдсан байна.

Энэ насны аваргын төлөөх тоглолт “ССТ” мөн Сүхбаатар дүүрэг багуудын дунд явагдлаа. Мөнхбат, Лхүмбэнгарав гэсэн шигшээ багийн шилдэг тамирчид байсан эдгээр туршлагатай тамирчдын дунд гол өрсөлдөөн гарах байлаа. Гэхдээ Лхүмбэнгарав тоглолтын эхэнд гурван ч гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан юм. Улмаар төгсгөл хүртэл уг тэргүүллээ алдалгүй явсаар 8-2 харьцаатай ялж аваргын болзолыг хангалаа.  

Тэмцээний 43-48 хүртэлх насанд хамгийн олон буюу 16 баг оролцсон юм. Хүрэл медалийн төлөө “Эрчим” клуб “Дархан” багтай өрсөлдөн ялалт байгуулж чадсанаар хүрэл медалийг энгэртээ зүүхээр болжээ.  Харин энэ насны аваргаар “Хасын Хүлэгүүд” баг тодорч байна. Тэд шигшээ тэмцээнд “Гоёо” багийг 3-2 харьцаатай буулган авлаа. 

49-54 насанд энэ жил мөн л 15 баг оролцсон өрсөлдөөн дүүрэн боллоо. Ингээд “Оюутан” болон “Хөдөлмөр” багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөж торгуулын цохилтоор “Оюутан” баг ялалт байгууллаа. Үндсэн цагт багууд ижил 2 гоол оруулсан юм. Харин торгуулын цохилтоос илүү найдвартай нь Оюутан баг байлаа. Аваргын алтан медалийг “Замчин” баг хүртсэн юм. Тэд шигшээ тоглолтонд тун тайван байж өрсөлдөгч “Соёмбын Барсууд” багийг ялсан байна.

55-59 насанд энэ жил гурван баг тойргийн журмаар өрсөлдлөө. Ингээд хоёр хожлыг байгуулж чадсан “IBC” түрүүлж харин “Соёмбын Барсууд” нэг хожилтой “Замчин” баг хожил авч чадалгүй удааллаа. 

Харин хамгийн өндөр буюу 60-аас дээш насны хүрэл медалийн төлөө “Найрамдал-Багануур” баг өрсөлдөгч “Соёмбын Барсууд” багийг 3-1 харьцаатай ялсанаар шагналын тавцанд зогсох боломжтой боллоо. Тэгвэл алтан медалийг “Сансар” баг хүртэж “Ар Цант” баг удааллаа. Шигшээ тоглолтонд “Сансар” өрсөлдөгчөө 5-1 харьцаатай яллаа. 

Хамгийн ахмад буюу 60-аас дээш насны аваргын алтан медалийг хүртсэн Сансар багийн хамт олонд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол улсын анхны сансарын нисгэгч Ж.Гүррагчаа гардууллаа.

Тэмцээний медалийн хүртсэн багуудын шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Болдбаатар, МХБХ-ны Ахмадын зөвлөлийн дарга Цэвэл болон МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа. Харин энэхүү шагнал гардуулах ёслол болсоны дараачаар тэргүүн байр эзэлсэн багуудад аваргын цомыг гардууллаа. 

Тэмцээн бүрийн сэтгэл догдлуулсан мөч бол яахын аргагүй шилдэг тамирчдын шагнал байдаг билээ. Энэ удаагийн ахмадын футзалын УАШТ-ээс тодорсон нас насны шилдгүүдэд  "Соёмбын Барсууд" багийн удирдлагууд өөрсдийн зүгээс шагнал гардуулсан юм.

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг ахмадын футзалын УАШТ ийнхүү таван насны ангилалд 50 багийн дунд амжилттай болж өндөрлөлөө. Нийт ахмад хөлбөмбөгчид, спортын мастерууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна