Нефтийн компаниуд уналтад орлоо

2016 оны 2 сарын 3

Газрын тосны үнэ унаснаар байгаа нь нефтийн компаниудад хүндээр тусч байна. Нэг үе 100 ам.доллар давж байсан баррель нефтийн үнэ 30 ам.долларт унаснаас компаниуд ажилчдаа цомхотгож, хөрөнгөө хоолойнуудаа зарж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын “Exxon Mobil” газрын тосны корпорацийн санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын орлого 58 хувиар буурчээ. Дэлхийн газрын тосны долоон том корпорацийн нэг “British Petroleum” /BP/ орлого 91 хувиар буурч, олон мянган ажилтнаа цомхотгосон байна. Мөн Америкийн эрчим хүчний “Chevron” корпораци сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа орлогын алдагдалтай ажиллажээ. Англи-Нидерландын хамтарсан “Royal Dutch Shell” компанийн орлого 2015 онд огцом буурсан байна.

Хэдийгээр газрын тосны үнэ унасан ч компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байгаа аж. Газрын тосны үнэ 2014 оны дунд үед баррель нь 100 ам.доллар давж байсан ч өнгөрсөн сард 30 ам.доллараас доош унасан юм. Нефтийн үнийн уналтаас хэрэглэгчид хожиж байгаа ч газрын тосны компаниуд, тэдний ажилчдад хүндээр тусчээ.

Exxon Mobil корпораци

Тус корпорацийн орлого 2002 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрч буурснаас  таван жилийн өмнөхөөс ажилчдын тоог 20 хувиар танасан байна. Түүнчлэн зардлаа найман тэрбум ам.доллараар танахаар төлөвлөжээ. Корпорацийн хувьцааны ханш мягмар гаригт /II.2/ 1.70 хувиар унасан байна.

BP PLC” корпораци

Их Британийн хамгийн том эрчим хүчний компанийн санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын орлого 2.2 тэрбум ам.доллараас 196 сая ам.доллар болж буурчээ. Тус компани 2017 оны эцэс газрын тосны хайгуул, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ багасгаж гэхэд  3000 ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна. Мөн энэ онд таван тэрбум ам.долларын хөрөнгөө зарах гэнэ.  Өмнө нь Мексикийн булангийн нефть өрөмдлөгийн маргаанаас болж багагүй алдагдал хүлээж байсан юм. “BP” компанийн хувьцааны ханш мягмар гаригт /II.2/  8.5 хувиар унажээ.

Chevron корпораци

АНУ-ын газрын тосны хоёр дахь том корпораци “Chevron” санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд 588 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Өмнөх жил нь тус компани 3.47 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байв. Корпорацийн зүгээс өнгөрсөн онд 3200 ажилтнаа цомхотгосон бол энэ жил дахин 4000 хүнийг ажлаас нь халахаар болжээ. “Chevron” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 11 тэрбум ам.долларын дамжуулах хоолой болон бусад хөрөнгөө зарсан боловч ирэх 2017 онд 10 тэрбумын хөрөнгөө худалдахаар төлөвлөжээ. Хувьцааны ханш нь мягмар гаригт /II.2/ 4.8 хувиар унасан байна.

Royal Dutch Shell PLC” компани

Англи, Нидерландын хамтарсан “Royal Dutch Shell” компани өнгөрсөн 2015 оны орлого нь 50 хувиар буурсныг мэдээлжээ. Компанийн жилийн орлого 10 гаруй тэрбум ам.доллараар буурах тооцоо гарсан байна. 2014 онд тус компани 22.6 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байв. Компани өнгөрсөн намар 7500 ажилтнаа цомхотгосон бол “BG” группыг худалдан авах нь амжилттай болбол  дахин 2800 хүнийг ажлаас нь халах гэнэ. 2014 оноос хойш компани 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөө зарсан байна. Мөн хөрөнгө оруулалтаа найман тэрбум ам.доллараар танажээ. Компанийн хувьцааны ханш мягмар гаригт /II.2/ 1.86 хувиар унасан байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна