Австралид Зика вирусын халдвар илэрчээ

2016 оны 2 сарын 3

 

Австралийн Сидней хотноо хоёр хүнээс Зика вирусын халдвар илэрчээ. Саяхан Карибын орнуудад аялаад ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс Зика вирусын халдвар илэрсэн аж. Зика вирусын халдвар нь шумуулаар дамжин халддаг тул хүнээс хүнд халдах магадлал бараг үгүй юм. Гэвч АНУ-д Зика вирусын халдвар бэлгийн замаар буюу үрийн шингэнээр дамжин халдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өвчилсөн хүнийг шумуул хазвал өвчнийг эрүүл хүнд тархаах магадлал өндөр аж. Өмнө нь халдвартай хүнийг бар шумуул хазсанаар Чикунгунья вирус өөр 200 хүнд дамжсан тохиолдол гарч байжээ.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Латин Америк болон Карибын 20 гаруй оронд гарсан Зика вирусын халдвар тархалтад онц байдал зарлаад байна. Зика вирусын халдвар жирэмсэн эхэд хамгийн аюултай юм. Учир нь уг вирус ургийн тархины хөгжлийг зогсоосноор жижиг толгойтой оюуны хомсдолтой хүүхэд төрдөг байна. Зика вирусын халдвар өнгөрсөн тавдугаар сард Бразильд илэрснээс хойш 4000 орчим жижиг толгойтой хүүхэд төрж, 1.5 сая хүн халдвар авчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна