Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2016 оны 2 сарын 3

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Үүний дараа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэр замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж процессийн хуулиудад холбогдох өөрчлөлтийг дараах байдлаар оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ. Үүнд:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг тусгасан.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд заасан журмыг баримтлахтай холбогдсон 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан болно хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм. Хэлэлцэж бус асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна