Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа

Дараа нь Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

Тэрбээр, 1922 онд дотоодын харуул, хамгаалалтын үүргийг дагнан гүйцэтгэх зорилгоор тулгын чулууг тавьснаас хойш Дотоодын цэрэг нь удирдлагын хувьд Хилийн ба Дотоодын цэргийг удирдах газрын хоёрдугаар хэлтэст Дотоодын цэргийн тасаг нэртэй мэргэжлийн цомхон аппарат, цөөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн хэлтэс болгон өргөтгөсөн. Улмаар 1990 оноос Хилийн цэргээс Дотоодын цэргийг салгаж, Цагдаагийн ерөнхий газрын харъяанд шилжүүлсэн бөгөөд ЦЕГ-ын даргын дэргэд Дотоодын цэргийн хэлтэс байгуулагдаж байсан.

Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон.

Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал обьектын хамгаалалтыг зохион байгуулах болон шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл болсон, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, терроризмын эсрэг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх бэлтгэгдсэн хүч хэрэгсэлтэй байх хэрэгцээг харгалзан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсрууллаа хэмээн танилцууллаа.

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Дотоодын цэргийн бүтэц, тогтолцоо, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улсын онц чухал объектыг хамгаалах, холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлэхдээ, энэ хуулийн төсөлтэй төстэй хуулийн төслийг өмнө нь УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлж байсан хэмээгээд тэр үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байсан гэлээ. Тиймээс гишүүдийн дээрх байр суурь хэвээрээ байгаа эсэхийг тодруулах үүднээс асуудлыг АН-ын бүлэг дахин хэлэлцэх хэрэгтэй хэмээн хэлсэн. Тэрбээр хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газар, УИХ-ын гишүүдийн дунд ойлголтын зөрүү байгаа учир ойлголтоо нэг мөр болгох нь зүйтэй гэж байлаа. УИХ-ын дарга З.Энхболд, маргаантай байгаа асуудлыг хэлэлцэх хэрэггүй. Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулаад ойлголтын зөрүүгээ арилгах нь зүйтэй гэсэн санал хэлснийг гишүүд дэмжин дээрх асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж