Б.Мөнхдөл: Алдаан дээрээ суралцаж, зөв замаар хурдан алх

Хуучирсан мэдээ: 2016.01.30-нд нийтлэгдсэн

Б.Мөнхдөл: Алдаан дээрээ суралцаж, зөв замаар хурдан алх

Энэ удаагийн “Leaders’ forum” булангийн зочноор зах зээлийн шинжээч Б.Мөнхдөлийг урьж ярилцлаа.

 

ДАРДАН ЗАМААР ХӨГЖИХГҮЙ

Сүүлийн 10 гаруй жилийг ажиглаж байхад дардан замаар явсангүй. Гэхдээ энэ хэлбэлзлийг зөв зам гэж хардаг. Учир нь өгсөж, уруудах нь алдаа, оноогоо дэнслэн туршлага хуримтлуулах, зах зээлийнухаанд суралцах алхам болдог гэж боддог. Тиймээс дардан замаар давхих нь тийм ч оновчтой шийдэл биш. Тухайлбал, 2008, 2009 оны хямралыг давахдаа уул уурхайн салбарыг нээж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь гадны хөрөнгө оруулалтыг татаж чадсан.

Тухайн үед дан ганц Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтаас гадна түүнийг дагаад өөр бусад мөнгөн урсгал манай улсыг чиглэсэн юм. Ингээд 2012 он хүртэл уул уурхай, хайгуулын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Гэтэл улс төрийн хувьд энэхүү хөрөнгө оруулалтыг тийм ч оновчтой удирдаж чадаагүй. Мэдээж мөнгө орж ирсэн хэмжээгээр гэнэт баян чинээлэг  болохгүй. Учир нь анхны хөрөнгө оруулалтаас бүтээн байгуулалтхүртэл цаг хугацаа орно. Хөрөнгө оруулалт болон татвар төлөлтөөр төвлөрсөн мөнгө хоёр ялгаатай. Гэтэл улстөрчид ирээдүйд олох татварын орлогоо урьдчилан авч, сонгуулийн зорилгоор ашигласан нь маш буруу алхам. Их хэмжээний мөнгийг нэг дор адил хэмжээтэй тараах нь шууд инфляцид нөлөөлсөн. 2011, 2012 онд инфляц 20 хувьдөхөж байсныг санаж байгаа байх.

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыгүр дүнд хүрээгүй байх үед буюу бүтээн байгуулалт болж чадаагүй үед нь хязгаарлаж эхэлсэн. Тухайлбал, Оюутолгой болон бусад уул уурхайн компаниудажлаа хэвийн явуулахад саад учруулсан явдал. Энэ мэтчилэн дурдаад байвал, өгсөж, уруудсан маш олон үйл явдал энэ хугацаанд болж өнгөрлөө. Харин одоо бид алдаан дээрээ суралцан зөв алхам хийх нь чухал. Өөрөөр хэлбэл, Оюутолгой, Тавантолгой компанид ажиллах боломжийг олгож, хөрөнгийг эргэлтэд оруулах ёстой. Энэ хэрээр гадны хөрөнгө оруулагчдын хүлээлт нааштайгаар эргэн гадны бизнес эрхлэгчдийн урсгал биднийг чиглэх болно.

 

УУЛ УУРХАЙГ ТҮШИЖ ХӨГЖИНӨ

Бидний хийсэн хамгийн том алдаа нь манай улсын уул уурхайн салбарыг гадныхан сонирхож эхлэх үед хайгуулын лиценз олгохдоо УИХ, Засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй болгосон нь хүндрэл учруулсан. 2011 оноос эхлэн түүхий эдийн үнэ унаж, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь уул уурхайд хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалд оруулсан гэж болно. Тиймээс бид эдийн засаг өсөлттэй байх үед ирээдүйн өв сангаа байгуулж, дэд бүтээ сайжруулах хэрэгтэй.

Манай улсын хувьд гадныхан хөрөнгө оруулалт хийх боломжтой салбар нь уул уурхай. Мэдээж бусад салбарыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед экспортод гаргана гэвэл, худлаа. Тэгэхээр ойрын 10 жилдээ уул уурхайгаа түшиглэн эдийн засагт мөнгө оруулна. Энэ хугацаанд бусад салбараа хөгжүүлэх ёстой.

 

ОГЦОМ УНАЛТААС ХАМГААЛАХ ЗЭВСЭГ ХЭРЭГТЭЙ

Эдийн засаг 2-3 дахин тэлж, их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд хэрхэн зарцуулах вэ гэдгийг сайн тооцоолох учиртай. Бид тухайн үед орж ирсэн хөрөнгө оруулалт болон ирээдүйд олох ашгаа түрүүлж авсан ч хэт хавтгайрсан халамж, сонгуулийн амлалтаа биелүүлэх зэвсэг болгон ашигласан. Гэхдээ хүн алдаан дээрээ суралцдаг гэдэг. Түүнтэй адил одоогийн өндөрлөгөөс хараад “Бид маш буруу зүйл хийсэн” гэж байгаа боловч тухайн үедээ “Өгөөд бай, аваад байя” гэдэг сэтгэхүйтэй байсан шүү дээ. Гэхдээ эргээд харвал халамж хэлбэрээр хүмүүст тараасан нь сургамжтай туршлага болсон. Учир нь, мөнгө тараагаагүй байсан бол хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтыг бүр ч их эсэргүүцэж тэмцэхбайсан. Мөн мөнгө тараасны ачааргэх юм уу даа, мөнгө хавтгайруулан тараах нь буруу гэдгийг хүн бүр ухааран, сонгуульд мөнгө амлаж болдоггүй болсон. Ер нь энэ замаар явж, даван туулахаас аргагүй гэдгийг гадаад улс орны туршлагаас харж болно. Яагаад гэвэл, бид өөрсдийнхөө хөгжлийг, бодит байдлыг бусадтай адилтгаж харах дуртай. Гэхдээ бид бусдын туршлагыг биеээрээ туулалгүй үсрэнгүй хөгжих гэж оролдох нь бүтэхгүй, харин зөв замаар алдаанаасаа суралцан “шогшиж” хөгжих нь илүү савлагаа багатай байх болов уу.

Дэлхийн эдийн засгийн савлагаа бидэнд шууд нөлөөлдөг байж болохгүй. Огцом өсөлт, уналтаас өөрсдийгөө хамгаалах зэвсэгтэй байхын тулд ирээдүйн өв сангаа байгуулан, хуримтлал үүсгэх ёстой. Энэ ажлыг одоо л хийж эхлэх нь зүйтэй.

 

ИРЭЭДҮЙН ӨВ САН БА ХУРИМТЛАЛ

 

цИрээдүйн өв санд оруулах мөнгө одоо байхгүй гэх биз. Магадгүй эдийн засаг өсч, хөрөнгө оруулалт орж ирэхээр хийнэ гэж болох ч тэр үедээ бид хуримтлал үүсгэхгүй гэдгийг өмнөх туршлагаасаа харж болно. Тиймээс яг одоо энэ санг байгуулж, мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь зүйтэй.

Ер нь эдийн засаг тогтворжиж, улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайгаа идэвхитэй байлгах хэрэгтэй. Мэдээж эндээс орж ирсэн татварыгзөв, зохистой зарцуулах ёстой. Түүнчлэн хуримтлал үүсгэхэд анхаарлаа хандуулан, ирээдүйн өв сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ санд хуримтлуулсан мөнгийг эдийн засаг унах үед зарцуулдаг.

Мөн орлого төвлөрүүлэхийн тулд зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх тухай ярьж болохгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв ч хэт дөвийлгөөд байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл, импортыг хааж, экспортыг дэмжинэ гэдэг бодлого баримтлах тухай ярьж байна. Гэвч өөрийнхөө бүтээгдэхүүнийг бусдад борлуулна гэчихээд, бусдынхыг огт авч болохгүй гэж байгаа нь олны дургүйцлийг төрүүлнэ. Өөрөөр хэлбэл, би гэдэг хэт дөвийлгөсөн үзэл давамгайлах нь ганцаардахын цондон. Уг нь Монгол Улсыг дэлхийд таниулах, тэргүүлэх, өрсөлдөх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй. Мэдээж ингэхийн тулд бодлогоор зөв дэмжих хэрэгтэй. Магадгүй оймсны үйлдвэрийг хөгжүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэвэл өрөөсгөл болно. Түүний оронд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал. 

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИСТОЙ ЗАРЦУУЛАХ

 

цХөрөнгө оруулалтыг зөв зохистойгоор ашигласан эсэх тухай сүүлийн үед ярих болсон. Тухайлбал, Чингис бондын зарцуулалтыг эргээд харвал, зайлшгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй. Магадгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарсан мэт санагддаг. Нэг үгээр хэлбэл, халамжийн бодлого болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр ажлын байрыг нэмэгдүүлснээр эдийн засгийг хүндрэлээс гаргах боломжтой гэдэг ч, тийм ч оновчтой биш. Гэхдээ бизнес нь амжилттай болж, улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэх төслийг санхүүжүүлэх хэрэгтэй.

 

ТӨРИЙН МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧ

 

цМанай улсын хувьд улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагч хоёрын ялгааг гаргах ёстой. Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу аль нэг яамны сайд солигдохоор, доод албан тушаалтнууд нь өөрчлөгддөг нь бичигдээгүй хууль. Ингэснээр төрийн ажил урагшлахгүй, бизнес эрхлэгч болон энгийн иргэдийг чирэгдүүлсээр байгаа юм. Төрийн мэргэшсэн албан хаагч байхгүй байгаа тухай шүүмжилдэг ч, мэргэшүүлэх, улс төрөөс хараат бус байлгах ямар нэг алхам хийдэггүй. Өөрөөр хэлбэл, “А” гэдэг яамны сайд солигджээ. Түүнийг дагаад хэлтсийн дарга нар солигдов. Эндээс гарах муу үр дагавар нь өмнө нь тохиролцсон, дэвшилт гарч байсан ажлууд гацна. Учир нь тухайн хэлтсийн дарга мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин байхаас илүүтэй улс төрийн албан тушаалтан байгаа юм. Тэгэхээр салбарынхаа үйл ажиллагаа, мэргэжлийн төвшний ойлголтгүйгээс өмнөх хүнийхээ хийсэн ажлыг гацаанд оруулж байгаа хэрэг. Энэ бүхэнд нөлөөлж буй хүчин зүйл нь сонгууль. Тиймээс мэргэшсэн төрийн албатай болох нь сонгуулиас, сонгуулийн хооронд гарах савалгааг арилгах ёстой. Энэ жилийн сонгуулиар хөрөнгө оруулалтыг дэмжих хандлага арай илүү байгаасай, зах зээл дэх төрийн оролцоог зохистой болгох шаардлагатай тухай яриасай гэж хүсч байна.

Манай улс хөгжихийн тулд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг татаж, түүнийг зөв зарцуулан, төрийн оролцоог зохистой төвшинд байлгах нь зүйтэй. Мөн төрийн албан хаагч нь мэргэшсэн байх хэрэгтэй. Гэхдээ дээрх бүх хандлагыг бий болгохын тулд нэн тэргүүнд төрийн анхаарах ёстой зүйл бол иргэдийн боловсрол. Зам, дэд бүтэц шаардлагатай ч тэрнээс илүү хөрөнгө оруулалт хэрэгцээтэй салбар бол боловсрол.

 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ

цМанай улсын хөрөнгийн зах зээл жижигхэн. Анх хөгжүүлэхдээ зорилгоо буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хувьчлалд зориулсан бөгөөд хэт түргэдсэн гэж болно. Тухайн үед олон сайн бүтээгдэхүүнийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилсан ч нийтэд ямар ч ойлголт өгөөгүйгээс алдаа гарсан болов уу. Учир нь ягаан, цэнхэр тасалбарын тухайн үеийн үнэ цэнэ болон ирээдүйд ямар үнэд хүрэх вэ гэдгийг хэт цөөхөн хүн л төсөөлөх чадвартай байсан. Тэд одоо бүгд Монголын тэргүүн баячууд.

Хэрэв энэ зах зээлийг зөв хөгжүүлсэн бол өнөөдрийн эдийн засаг арай өөр төвшинд байх байсан гэж боддог. Хөрөнгийн зах зээл хөгжих нь дамжиггүй. Гэхдээ ямар хугацаа шаардах вэ гэдгийг тодорхойлж мэдэхгүй байна. Алдаан дээрээсээ суралцах шаардлагатай гэж би дээр дурдсан. “Зоос” болон “Анод” банкны хувьчлал сайн бас муугийн жишээ болдог. Нэг талаас, аж ахуйн нэгж хувьцаа гаргаж, хөрөнгө босгох боломжийг харуулсан. Нөгөө талаас хувьцаат компани дампуурч болох эрсдлийг харуулсан юм.

Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Манай улсын хувьд банкны систем хөгжсөн нь үнэн. Гэхдээ хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр банкны салбарын санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ буурна гэж харж болохгүй. Яагаад гэвэл, хувьцаа болон бондын арилжаанд оролцогч талуудын мөнгөн гүйлгээ арилжааны банкны дансаар л дамжина. Нэг данснаас нөгөө рүүгээ шилждэг юм шүү дээ. Үүнийг л эдийн засгийн эргэлт гэж хэлдэг шүү дээ. Мөнгө хэдий чинээ эргэлтэнд орно, төдий чинэээдийн засагт сайнаар нөлөөлнө.

 

Twitter: MBBontoi

Facebook: MBBontoi

Instagram: mbbontoi

 

Одоо:

-”Cover Mongolia” зах зээлийн мэдээллийн үйлчилгээний компанийн ерөнхий захирал.

Үйл ажиллагаа:

“Cover Mongolia” компани Монголын талаар бичиж байгаа гадаадын нийтлэл болон хувьцааны талаарх мэдээллийг судалж хэрэглэгчдэд хүргэдэг. Монгол Улсын талаарх мэдээлэл дэлхийд түгээмэл биш учраас нэг хүний хэлсэн үгнээс шалтгаалан хөрөнгө оруулагчдыг хөдөлгөж байгаа хэмээн харж болно. Хэрэв манай улсын талаарх мэдээлэл түгээмэл, нээлттэй байсан бол хөрөнгө оруулагчдыг хормын төдийд алдахгүй байсан.

Сонгуульт албан тушаал:

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

“JCI Импакт”-2016 оны Дэд Ерөнхийлөгч

Боловсрол:

Сайтамагийн Их Сургууль – Бизнесийн удирдлагын бакалавр

Хэл:

Англи, Япон

Хэлэх дуртай онч мэргэн үг:

“Боол шиг ажиллаж, хаан шиг удирдаж, бурхан шиг бүтээ”

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж