Цахим засаглалын платформын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

2016 оны 2 сарын 3

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 

Улсын Их Хурал бол хууль тогтоомжийг хэлэлцэж баталдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, тэдний оролцоог хангах үүргийг хүлээдэг. Иргэдийн оролцоо, хяналт тавих боломжийг олон хуулиар баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хууль, Нээлттэй сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг гэх зэрэг хуулиуд бий. 

2012 онд Улсын Их Хурлын цахим хуудсыг шинэчилж эхлэх үед “Парламент бол төрийн байгууллага дотроо хамгийн нээлттэй байгууллага байх ёстой, тийм болгохоор ажиллана” гэж хэлж байсан. Түүнээс хойш гурван жил гаруй өнгөрлөө. Өнөөдөр манай parliament.mn вэб сайт бол байгууллагууд дотроос хамгийн нээлттэй, хамгийн их мэдээлэл авч болдог хуудас болсон байгаа. Хамгийн энгийн жишээ дурдахад 2012 оноос өмнө Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг цахимаар үзэх боломжгүй байсан. Одоо интернэтээр, кабелийн хэд хэдэн сувгаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг шууд үздэг болсон. Хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжийг шинэчлэгдэн, сэтгүүлчид танхимд орохгүйгээр Байнгын хороод болон чуулганы хуралдааны бичлэгийг хийх боломж бүрдсэн.

Өнөөдөр энэ шинэчлэл үргэлжлэн хууль тогтоох үйл явцад иргэд шууд оролцож, хуулийн төсөлд онлайнаар санал өгөх боломж бүрдсэн вэб сайтны нээлт болж байна. Иргэд энэ платформыг ашиглаад парламенттай шууд харилцаж, мэдээлэл солилцох замаар “амьд харилцаа” үүснэ гэсэн үг. Мөн хууль санаачлагчдын зүгээс иргэд, сонгогчидтой харилцах шинэ суваг нээгдэж байна. Хуулийн төслөө боловсруулахын өмнө иргэдийн саналыг урьдчилан цуглуулах, боловсруулах явцад, мөн боловсруулж дуусаад зүйл, заалт бүрээр нь дахин санал авах, хэлэлцэж зөвлөлдөх боломжтой боллоо. 

Энэ платформ бол  хууль санаачлагчтай шууд харилцаж, санал бодлоо солилцох, үгээ хүргэх албан ёсны, хуулиар зөвшөөрөгдсөн цахим орон зай учраас хувь хүмүүс, байгууллагууд ашиглах нь зүйтэй. Тиймээс иргэд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөлөл болсон ТББ-ууд Та бүхэн энэ платформын хэрэглэгч болж хууль тогтоох үйл явцад идэвхтэй оролцож, засгийн эрх барих эрхээ эдлэхийг уриалж байна. 

Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, шууд ардчиллыг хөгжүүлэхэд санхүүгийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа НҮБ-ын Ардчилал санд талархлаа илэрхийлье. 

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна