Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой төв болсныг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой төв болсныг зарлалаа

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Номхон далайн дахь цэргийн командлалтай хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн санхүүжилтээр баригдсан барилга, байгууламжийг хүлээх авах ёслол өнгөрсөн даваа гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт, АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

 

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд дөрвөн том барилга байгууламж ашиглалтанд орсон нь 250 хүний суудалтай Соёлын төв, 20 автомашины граж, цэргийн халуун усны барилгыг бохирын системтэй нь шийдвэрлэхээс гадна уурын зуухны барилга зэргийг хүлээлгэн өглөө. Дээрхи барилга бүтээн байгуулалтын ажлуудыг "Монкон" констракшн гүйцэтгэжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ "2006 оноос эхлэн Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн болон оюуны хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвийн үйл ажиллагаа болон, сургалт дадлагууд өргөжсөөр байгаад баяртай байна. Ирээдүйд бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт эргэлзэхгүй байна" гэдгээ хэлсэн. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зимдал Галт: "Өнгөрсөн 15 жилийн турш энхийг дэмжих ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж ирсэн Монголын энхийг сахиулагчдын өнөөгийн ба дараа дараачийн үеийн цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх боломж нөхцлийнг ийнхүү хангаж,дэлхийн энх тайвны төлөө цаашид хамтдаа үүргээ гүйцэтгэсээр байх болно" гэдгээ хэлж дэлхийд нэр алдар нь хэдийнээ түгсэн Монгол Улсын энхийг сахиулагчидад амжилт хүсье гэсэн юм. Монголын тал барилга байгууламжаа хүлээж авсны дараа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр анги нь бүрэн хэмжээний Олон улсын цэргийн сургалт явуулах боломжтой төв болсоныг энэ үеэр зарлалаа. АНУ-ын Номхон далайн командлалын Ажиллагааны удирдлагын газрын орлогч, бригадын генерал Жонн М.Хиллеэр энэ ангийн ангийн захирагч хурандаа Л.Гансэлэмд сертификат гардуулсан юм. Тив, дэлхийн олон улсын цэрэг дайчид Энхийн төлөөх нэгэн зорилго доор манай улсад 10 гаруй жилийн турш цэргийн ажиллагааны өмнөх олон төрлийн дадлага сургуулиа базааж ирсэн бөгөөд сургалтын нэгдсэн төв ийнхүү Ази номхон далайн бүс нутгийн сургалтын төв боллоо. Дашрамд сонирхуулахад, Ази Номхон далайн төдийгүй дэлхийн бусад бүс нутгийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээний нэг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн энхийг дэмжих санаачилга хөтөлбөр" юм. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын хээрийн сургалт, дадлага, штабын дадлага сургалтууд болон бусад арга хэмжээг Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ түүний Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран амжилттай зохион байгуулсаар ирсэн. Олон орны энхийг сахиулагчид хуран чуулж, даян дэлхийд энхийг сахиулахын төлөө мөр зэрэгцэн бэлтгэл хийдэг Тавантолгойн сургалтын төвийн байрлалд олон, олон бүтээн байгуулалт хийгджээ. Түүний зарим хэсэг нь өнгөрсөн даваа гаригт ашиглалтад орсон нь энэ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж