Цэцийн бүх гишүүдийг ч чөлөөлж болно

2016 оны 2 сарын 3

Үндсэн хуулийн цэцийн даргыг байтугай, гишүүдийг нь бүгдийг нь чөлөөлж болно. Гагцхүү  энэ шийдвэр нь хуульд нийцсэн байх ёстой гэж Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх үеэрээ хуульчид хөндлөө.

Уг хэлэлцүүлгийг “Эв монгол хөдөлгөөн”-өөс санаачлан зохион байгууллаа.

Хуульч Д.Миеэгомбо:

-Үндсэн хуулийн цэц нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын Дээд шүүхээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Баталгаа нь Үндсэн хууль. Гэтэл УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ердийн хууль буюу Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд байгаа Цэцийн статусыг өөрчлөөд явж байгаа процесс нь Цэцийн бүрэн эрхт байдлын баталгааг алдагдуулсан. УИХ Үндсэн хуульд заасан хэм, хэмжээг өөрсдийнхөө дураар өргөтгөөгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан” гэлээ.

Гэхдээ тэрээр “УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хувь заяа шийдвэрлэгдээгүй байхад Үндсэн хуулийн цэц уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн нь буруутай байж болох талтай” гэв.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны нэгдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаад хандан албан бичиг хүргүүлж байсан юм. Түүнд “Монгол Улсын Их хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх ажиллагаа хийгдээгүй, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх хуулиудад хориг тавих эсэхээ шийдвэрлээгүй. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдээгүй байхад Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг тус тус зөрчиж байна” гэдгээ мэдэгдсэн билээ.

Цэцийн дээр “Lexys-570” байдаг болсон уу?

УИХ-аас өнгөрсөн намар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж Цэцтэй холбогдох асуудлаар шалгалт хийгээд “Засгийн газар улсын нөөц хөрөнгөөс Үндсэн хуулийн цэцэд “Lexys-570” машин авч өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон” гэсэн дүгнэлт гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор “Цэцийн дээр “Lexys-570” байдаг болсон гэх яриа үүссэн. Саяхан энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа хэвлэлийнхэнд тайлбар хийхдээ “Эксель унах юм уу” гэж хэлсэн нь бий. Тэгвэл хэлэлцүүлэгт оролцсон хуульч, өмгөөлөгч Ц.Монгол “Үндсэн хуулийн цэц нь төрийн том институци учраас автомашинаар хангах үүргийг Засгийн газар хүлээнэ.  УИХ-ын гишүүд “Цэцийн дээр “Lexys-570” байна гэж маш буруу хоцрогдсон тайлбар хийсэн. Хурган дарга нар шинэ машин унаад давхиж байхад Үндсэн хуулийн цэц нь тийм хангамжтай байх ёстой субьект.  Ерөнхий сайд, Улсын Дээд Шүүхийн шүүгч, Үндсэн хуулийн цэцийн дарга адилхан хангамжтай байх ёстой” гэсэн юм.

“Цэцийн зөв гээд яривал үнэн болчихгүй”

Хуульч О.Алтангэрэл “Цэцийн даргыг байтугай, цэцийн бүх гишүүдийг чөлөөлж болно. Хуулиараа энэ боломж нь нээлттэй. Гагцхүү энэ процесс нь хуульд нийцэх. УИХ нь ард түмний мандатыг авчхаад дараа нь хуулиа гишгээд байж болохгүй. Сонин юм дуулдаж байгаа, Эвслийн бүлэг нь Үндсэн хуулийн цэцэд нэг гишүүн томилуулах юм гэнэ л ээ гэж... Цэц хэн нэг албан тушаалыг хуваарилж авдаг газар биш. Цэц бол Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчиж үү гэдгийг хянадаг ганц газар. Энд тэрний хүн, энэний хүн гэдэг ойлголт байхгүй. Манайхан институцийг хүнээр төлөөлүүлж ойлгодог буруу жишиг тогтлоо. Хүндээ асуудал нь биш. Нөгөө талдаа Үндсэн хуулийн цэц нь хууль зөрчсөн эсэхийг УИХ тогтоодоггүй. Гагцхүү шүүх л хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. Улсын Дээд шүүхээс ирүүлсэн бичигт “Та ингэж асуужээ, энэ талаар саналгүй байна” гэсэн тайлбар л бий” гэв.

Харин Хан-Уул дүүргийн нотариатч С.Цэнд “Улсын Дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, дараа нь Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэх ёстой байсан” гэсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна