Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг шаардав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг гишүүдийн 62.7 хувь нь дэмжээгүйн улмаас унасан. Тэгвэл УИХ-ын гишүүд Улс төрийн намын тухай хуулийг бодлоготойгоор унагасан гэж үзэж байгаа талаар өнөөдөр “Ардчилсан хувьсгалын андагчдын зөвлөл” ТББ-ынхан мэдээллээ. Учир нь шинэчилсэн найруулгын төсөлд намуудын одоогийн үйл ажиллагааг хяналттай болгох хэд хэдэн зүйл заалтыг оруулсан учраас тэд хэлэлцэхээс хойш сууж байна хэмээн тэд үзжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд намуудын дансыг шилэн болгох, намын дэргэдэх байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллаа явуулахыг хориглох, намын хатуу гишүүнчлэлийг арилгах, иргэдийг олноор нь кампаничилж намд элсүүлдэг байдлыг зогсоох, татвараа төлдөггүй гишүүдийг намаас хасах гэх мэтчилэн олон зүйл заалт орсон. Мөн УИХ, иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үйл ажиллагаанд нам бүлэг байгуулахыг хориглох, сум хороодод намын байгууллага үүсгэхгүй, намуудын УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг хуульчлан тогтоох, намуудыг бүртгэх үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг асуудал багтаж байгаа юм.

Тиймээс “Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөл”-ийнхний зүгээс Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй хэлэлцэж батлахыг шаардаж байгаа юм. Тэдний зүгээс ирэх хаврын чуулганаар шинэчилсэн найруулгын төслийг даруй хэлэлцэж батлахыг шаардлаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж