Төмөр замын шинэ вокзал барина

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Төмөр замын шинэ вокзал барина

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажиллалаа. Энэ үеэр Ерөнхий сайд өдөрт 15-20 мянган зорчигч үйлчлүүлдэг, 22 ачаа тээврийн вагон, 20 зорчигч тээврийн вагон дамжин өнгөрдөг Улаанбаатар төв вокзалын барилгыг шинэчлэн, засварласан ажилтай танилцсан юм. Францын архитекторын хэв маягийг харуулан чулуун багана, сандал, шалтай болгон засварласан шинэ үйлчилгээний танхимуудыг төв вокзалд байгуулжээ. Улаанбаатар төмөр зам энэ засварт 245 сая төгрөгийг зарцуулж, валют солиулах төв, эмийн сан, “Duty free”, зорчигч галт тэргээ хүлээхдээ саатах Уран зургийн галерей, уншлагын танхимыг шинээр бий болгосон байна. Одоогоос төв вокзалыг Улаанбаатарын төмөр замын зорчигч үйлчилгээний буудал гэж нэрлээд, хажууханд нь буюу 1000 автомашины зогсоолын газарт шинээр Монгол Улсын төмөр замын вокзалыг барихаар төлөвлөжээ.

Монгол Улс, ОХУ хоорондох улс төрийн харилцаа сэргэж эхэлснийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод, ирэх гуравдугаар сард Оросын талын төмөр замын дарга Монгол Улсад айлчлахаар болсныг мэдэгдлээ. Тухайн айлчлалын үеэр төмөр замын салбарт хийгдэх ажлыг тодорхойлж, санхүүжилтийн талаар яригдах асуудлаар Улаанбаатар төмөр замын удирдлагатай ярилцсан байна. 2016 онд Богд уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар төмөр зам эхлүүлнэ. Сонсголонгийн гүүр, шинэ нисэх буудал хүртэл 30 гаруй километрийн салбар шугамыг эхний ээлжид барьж, “Аэр-экспресс” төрлийн богино эргэлтийн галт тэргийг аялуулахаар тооцжээ. Дараа нь энэ салбар замаа Зуунмод хотоор дайруулан Богд уулыг тойрсон цагариг хэлбэрийн төмөр зам болгож холбох аж.

Ирэх онд 3.2 сая тонн нефть бүтээгдэхүүний тээвэрлэлтийг Монгол Улсын төмөр замаар дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын “Роснефть” компанитай  манай тал байгуулжээ. Харин энэ онд төмөр замын ачаа, тээвэрлэлтээ зургаан сая тонноор нэмнэ гэсэн тооцоог Улаанбаатар төмөр зам хийсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж