Н.Алтанхуяг бүтээснээрээ бахархав

2016 оны 2 сарын 3

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа хийсэн ажлуудаараа бахархжээ. Энэ үед тус танхимд Хөгжлийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Чингис” бондыг олон улсын зах зээлээс босгосон юм. Үр дүнд нь одоо ч үйлдвэрлэлийг өргөтгөх, шинэчлэх ажлууд үргэлжилж байгаа. Тэгвэл экс сайдын тодотгосноор Чингис” бондын мөнгөөр долоон аймгийн замыг барьжээ. Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон гэсэн үг юм. Мөн 1381 үйлдвэрийг өргөтгөж, заримыг нь шинэчилж, зарим нь шинээр босчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Биднийг 2012 онд ажил авахад Монгол нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч байсан. “Монголдоо бүтээцгээе”, “Монголдоо үйлдвэрлэе” гэдэг уриаг бид зүгээр ч дэвшүүлээгүй. Зээл өгч үйлдвэрлэлээ дэмжсэний үр дүнд импорт багаслаа. Энэ бол тэр мөнгө өгч босгосон 1381 үйлдвэрийн үр дүн. Тэдэнд 1.2 их наяд төгрөг өгсөн. Тэгэхэд нэг сая, 21 мянган төгрөг тараахад нийтдээ 2.5 их наяд төгрөг зарцуулсан байдаг юм. Ийм их мөнгийг зүгээр л тарааж өгөөд дуусгасан. АН-д итгээд сонгоход улс орон өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аргагүй. Ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа. Галд цучил нэмнэ гэж гоё үг байдаг даа. Харамсалтай нь, улс орон хөгжөөд дүрэлзээд байхад цучил нэмэхийн оронд гал командын машин авчирч байгаад шланкаар ус шүршдэгээ л МАН-ынхан болих хэрэгтэй. Иймэрхүү байдалтай байвал бид ерөөсөө хөгжихгүй” гэжээ.

Мөн тэрээр “Шинэчлэлийн Засгийн газар бол хийсэн юмтай, бүтээсэн ажилтай. Зам, найман хувийн зээл, бүтээн байгуулалт, ажлын байр гээд хэлж чадна. Би гонгинох дургүй хүн. Гэхдээ нэг юмыг заавал зориуд хэлье. Өнөөдрийн энэ их бүтээн байгуулалтад атаархсан зарим хүн муучлах гэж үздэг юм. Зээл аваад өрөнд оруулчихлаа гэдэг. Гэвч тэд “Чингис” бондын мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг 21 мянган төгрөг, нэг сая төгрөг болгож тарааж дуусгасан. Нийт тараасан мөнгө нь хоёр “Чингис” бонд. Хамгийн аюултай нь ирээдүйгээсээ зээлээд тараачихсан. Манай Засгийн газар ажиллаад олох мөнгийг урьдчилж зээлж аваад тараачихсан. Би Ерөнхий сайд байхдаа “Чалко”-гийн 350 сая ам.долларыг хэлж байсан. Өнөөдрийн ханшаар энэ бол 700 тэрбум төгрөг. Ийм их мөнгийг нэг компанид нүүрсээ өгнө гэж зээлж аваад тараагаад л дуусгасан. Бүгдийг нь жорлон руу оруулаад алга болгосон. Сарын 21 мянган төгрөгийн ихэнх нь архи болоод дууссан. АН харин иргэдээ ингэж халамжлаагүй. Ер нь хамгийн сайн халамж бол сайн цалинтай ажлын байр” гэжээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна