НӨАТ-ын хуулийг зөрчвөл 20 хувиар торгоно

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын хуулийг зөрчвөл 20 хувиар торгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Хоорондоо уялдаа холбоотой Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал, Нэг хувийн хотын албан татварын хэрэгжилт Улаанбаатар хотод хангалтгүй түвшинд яваа юм байна. Иймээс энэ сарын нэгнээс эхлэн иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй, баримт хэвлэсэн ч нууцлалын бар кодгүй, тусгай сугалааны дугааргүй аж ахуйн нэгж, иргэнийг хуулийн дагуу торгохоор болжээ. Мэргэжлийн хяналт, татвар, цагдаагийн албан хаагчдын хамтарсан ажлын хэсэг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төвүүдэд шалгалт явуулж, мэргэжлийн хяналт ажлын байрны дүгнэлт гаргахдаа кассын машинтай эсэхийг нь харгалзах юм байна. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, үйлчилгээний төв кассын машингүй бол шаардлага тавьж, захиргааны хариуцлага хүлээлгэх аж. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын хуульд зааснаар бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар,  бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар  тус тус торгох юм.

Монгол Улсад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  80 мянган аж ахуйн нэгж байгууллага, 20 мянга гаруй иргэн байдаг байна. Өнөөдрийн байдлаар 80 мянган аж ахуйн нэгжийн  24 мянга буюу нийт татвар төлөгч аж ахуйн нэгжийн 30 хувь нь НӨАТ-ын системд холбогджээ. Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэж Нийслэлийн татварын газар үзэж байна. Иргэдийн зүгээс аж ахуйн нэгж, байгууллагаас НӨАТ-ын сугалаатай, урамшуулалтай баримтаа нэхэж байгаа ч ихэнх аж ахуйн нэгж системд холбогдоогүй нь асуудал үүсгэжээ. Харин Нийслэл хотын албан татварын тухайд 2015 он эцэст нийт 1.4 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэж хотын удирдлага тооцсон ч, бодит байдалд дээр 500 гаруй сая төгрөг цугларчээ.

Шинэчлэгдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд тооцоотой болж, бизнесийн орчин эрүүлжиж, улс эдийн засгийн зөв бүртгэл, хяналтын тогтолцоотой болно гэж эдийн засагчид харж байна. Мөн жижиг худалдаа эрхлэгчид дээрх хуулийг дэмжиж, хугацаа хэмнэж, яаралтай нууцлалын код бүхий баримт хэвлэдэг кассын машин, программыг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж хэмээнэ өөрийнхөө үйлчилгээ, худалдааны борлуулалтаа хурдтай нэмэгдүүлж чадна. Бизнесийн орчинд эрүүлээр өрсөлдөх боломж нээгдэнэ гэж эдийн засагч Л.Оюун зөвлөсөн. Тооцоогүй хүн ядуу, ядуу хүн тооцоололгүй байдаг гэсэн бодит эдийн засгийн судалгаа байдаг. Харин НӨАТ-ын тухай хууль, урамшууллын тогтолцоо нь  Монгол Улс эдийн засгаа иргэдийн худалдан авалтдаа суурилан бүртгэж, бодитоор тооцох эхлэл болсон, эерэг өргөн хүрээтэй механизм болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж