Залуучуудын II өвлийн олимпийг зорих тамирчдаа үдлээ

2016 оны 2 сарын 3

Өнөөдөр МҮОХ-ны “Олимпик хаус” ордонд “Лиллехаммер-2016” залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа үдэн гаргах ёслол болов.

Тус ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын цанын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Гантөмөр, уг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Нармандах, ахмад тэшүүрчин, гавьяат тамирчин Л.Цэнд болон ахмад тамирчид, “Инсбрук-2012” залуучуудын өвлийн олимпийн наадамд оролцогчид байлцлаа.

Манай улсаас цаначин ОУХМ А.Очирсүх /Орхон аймаг, дасгалжуулагч нь Т.Доржготов/, эмэгтэй тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа /Дархан-Уул аймаг, дасгалжуулагч нь Д.Энхбаяр/ нарын 2 тамирчин энэ удаагийн өвлийн олимпийн эрхийг авсан юм.

Цанын спортын эмэгтэйчүүдийн төрөлд эхний 40-д багтвал эрх авах байсан боловч Увс аймгийн тамирчин ОУХМ Б.Дэлгэрмаа 46-р байр эзэлж уг эрхийг хараахан авч амжаагүй байна. Харин эрэгтэй тэшүүрчид эхний 28-д багтаж эрх авах байсан бөгөөд ОУХМ Я.Зоригтбаатарын хувьд /Төв аймаг/ 33 дугаарт эрэмблэгдэж мөн л эрх авч чадаагүй байна.

Өнөөдрийн тамирчдаа үдэн гаргах ёслолд оролцсон ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тамирчиддаа амжилт хүсч, Монгол Улсын Алтан соёмбот Төрийн далбааг цанын тамирчин А.Очирсүхэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм. Мөн олимпийн наадмыг зорих тамирчин, дасгалжуулагч нарт “Мизүно” фирмийн иж бүрэн хувцсыг МҮОХ-ноос гардуулав.

Энэ удаагийн залуучуудын II өвлийн олимпийн наадам нь Норвеги улсын Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна