НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын ойг тэмдэглэв

2016 оны 2 сарын 3

Трюгве Ли © Keystone/Getty Images

 

НҮБ-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга норвеги иргэн Трюгве Ли ажилдаа орсны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1946 оны хоёрдугаар сарын 1-нд батлаад Трюгве Ли дараагийн өдөр нь Ерөнхий ассамблейн өмнө тангараг өргөн ажилдаа орохдоо “Дэлхийн боловсон ертөнцийн ирээдүй аюулын эрмэгт ирээд байна” гэж мэдэгдсэн юм.

 

Ерөнхий ассамблейн дурсгалт хурал Лондон хотноо болжээ. Үүнээс гурван жилийн дараа 1949 оны аравдугаар сарын 24-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны суурийн анхны чулууг Трюгве Ли тавьжээ. Түүнээс нэг жилийн өмнө 1948 оны арванхоёрдугаар сард Ерөнхий ассамблей нь хүний эрхийн орчин үеийн системийн үндсийг тавьсан Хүний эрхийн түгээмэл тунхгийг баталжээ. Баримтын үндсэн бичлэгийг дэлхий баруун зүүн эвсэл гэж хуваагдсан хоёр жилийн өмнө нь боловсруулсан байв.

 

Дэлхийн хамтын нийгэмлэгийг Трюгве Ли толгойлж байсан цагаар НҮБ-ын гишүүн орнуудын тоо нь 51-ээс 60 хүртэл нэмэгджээ. Тус байгууллагад араб-израилийн дайны сүүлийн долоо хоногт нь Израилийг НҮБ-д элсүүлжээ. Еврейн улс бараг 70 жил тус байгууллагын бүрэн эрхт гишүүн байхад тийм эрх нь одоо ч палестин улсад өгөгдөөгүй байна.

 

Анхны ерөнхий нарийн бичгийн даргын үеэр бас нэг зэвсэгт мөргөлдөөн гарсан нь Солонгосын дайн байв. 1950 оны зургадугаар сарын 25-нд буюу дайны анхны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь олонхын саналаар Хойд Солонгосыг түрэмгийлэгч гэж үзэн №82 тогтоолыг гаргасан байна. Үүнээс хоёр хоногийн дараа №83 тогтоолоо гарган бүх орнуудад Өмнөд Солонгосыг дэмжих зөвлөмжийг өгчээ. Энэхүү хоёр тогтоолыг Зөвлөлтийн оролцоогүй гаргасан байв.

 

Ер нь бол Трюгве Ли БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөхийн төлөө байсан ба тэр нь 1971 онд л хэрэгжсэн юм. Долоон жил НҮБ-ыг толгойлж байсан норвеги дипломатч тал талын шүүмжлэлтэй ихээхэн тулгарч байсан тул арваннэгдүгээр сарын 10-нд сүүлчийн үгээ хэлээд огцорсон юм. Огцорсныхоо дараа тэрээр олон улсын хэмжээнд ч, Норвегидоо ч өндөр тушаалд суугаагүй юм.

 

Трюгве Ли тушаалаа швед Даг Хаммаршельдад өгсөн юм. Хоёр дахь нарийн бичгийн даргыг нь хамгийн алдартай удирдагч гэж үздэг. Тэрээр урьдчилан өрсөх дипломатыг практикт хэрэглэж ирсэн ба 1961 оны есдүгээр сарын 18-нд Конгын салан тусгаарлагч нартай хэлэлцээр хийхээр Катанга мужид очиж яваад онгоцны ослоор амь үрэгджээ.

 

Тэр цагаас хойш НҮБ таван ерөнхий нарийн бичгийн даргын нүүр үзсэн бөгөөд наймдах сонгуулийн сүүлийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны бүрэн эрхийн хугацаа энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-нээр төгсөх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна