ЭЗБХ гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2016 оны 2 сарын 3

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.03/ хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооноос тогтоолын төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулга хийсэн.

Тэрбээр, тогтоолын төсөлд ядуурлын бүх төрлийг эцэс болгоно хэмээн тусгасныг эргэн харах нь зүйтэй хэмээгээд өндөр хөгжилтэй орнууд ийм зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгааг бодолцож үзэх ёстой гэж хэлсэн. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах нь чухал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь энэ зорилтыг хэрэгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна хэмээсэн. Мөн мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас тогтоолын төсөлд тусгах санал ирсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгах саналтай байгаагаа хэлсэн. Ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжлахаар тогтлоо.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Үүний дараа Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсан юм.

Тэрбээр, Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн бус байгууллагаас ирүүлсэн саналыг тусган хуулийн төслийг эцэслэн боловсрууллаа хэмээсэн.

Хуулийн төсөлд барилга байгууламжийг төвөгшлөөс нь шалтгаалан таван ангилалд хуваасан бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, тухайн барилга байгууламжийн барилгын ажилд зөвшөөрөл олгох асуудлыг ангиллалтай холбож өгсөн. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж нийтэд нээлттэй байлгахаар зохицуулжээ.

Мөн хуулийн төсөлд хүнд суртлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн болно. Төсөлд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хууль батлагдсанаар барилгын салбарын эрх зүйн орчинд тодорхой ахиц гарах бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулснаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасгасан нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нэг алхам болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Мөн өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын хэмжээнд өнөөг хүртэл 600 гаруй ашигт малтмалын ордын нөөц тогтоож, үүнээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Олон жил ашиглагдсан уурхайн дэргэдэх ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин ашиглах үйл ажиллагааг төрөөс хөхиүлэн дэмжих шаардлагатай байна хэмээн сайд Д.Эрдэнэбат танилцуулгын эхэнд дурдсан.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн ашиглалтын хугацаанд ихээхэн хэмжээний хүдрийн овоолго үүсэн ба нүүрс, алт болон бусад төрлийн ашигт малтмал олборлодог уурхайнуудын ашиглалтын явцад ч ихээхэн хэмжээний хаягдал, овоолго хуримтлагддаг байна. Алт, газон шар зэрэг ашигт малтмалын зарим ордыг нэлээд олон жилийн өмнө ашиглахдаа техник, технологийн хүчин чадлаас хамааран үүсмэл орд бий болдог бөгөөд ийм нөхцөлд түүнийг дахин ашиглах, үнийн өсөлттэй байгаа үед нь аж ахуйн эргэлтэд яаралтай оруулах асуудал зүй ёсоор тавигдаж байгаа аж.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д заасан овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төслийг боловсруулахдаа хоёрдогч ашигт малтмал боловсруулж буй гадаад орнуудын туршлагыг судалсан бөгөөд Канад Улс зэсийн үйлдвэрлэлээс үүссэн 0.45 хувийн зэсийн агуулгатай овоолгын хаягдлаас баяжуулалтын шинэ аргаар боловсруулалт хийж нийт хаягдал зэсийн 40 хүртэл хувийг авдаг байна.

Ашигт малтмалын овоолго, хаягдлыг дахин боловсруулснаар нөөц ашиглалтыг сайжруулж, шинээр болон нэмэлт хайгуул хийх зардлыг бууруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлого өсч, ажлын байр бий болох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн хууль санаачлагч үзэж буй юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна