Төсвийн байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2016 оны 2 сарын 3

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.02.03/ үдээс хойш хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудлаар байнгын хорооны гишүүдийн зүгээс ямар нэгэн санал гаргаагүй тул тухайн асуудлаар саналгүй тухай санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.

Татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийн талаарх хуулийн төслүүд дэмжигдлээ

Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дээрх асуудлаар байнгын хорооны гишүүдийн зүгээс асуулт гаргаагүй юм.

Харин санал хэлэх болоход Улсын Их Хурлын дарга З.Энхболд, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүд зөвхөн баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх бус нийт нутгийн алслагдсан сумдыг татварын чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй тухай санал гаргасныг дэмжиж Засгийн газарт хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг үүрэг болгосон. Энэ хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай талаар сануулсан юм.

Мөн тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Засгийн газраас асуудал оруулж ирэхдээ хойрго хандаж байгааг шүүмжлээд байнгын хорооны хуралдааны протоколоор хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болгож байна гээд уг асуудлыг нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Дараа нь Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад /АСЕМ/ ашиглагдах автомашин, техник хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн сонирхсон асуултдаа хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл гишүүдэд танилцуулав.

Сонгууль зохион байгуулах ажиллагаа нь хуулиар тогтоосон тодорхой эхлэх болон дуусах хугацаатай бөгөөд тухайн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа явагддаг онцлогтой юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сонгууль зохион байгуулахтай холбоотой харилцаанд хэрэглэхэд цаг хугацааны хувьд тохиромжгүй байдаг.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн баталсан төсвийн хэмжээнд сонгууль зохион байгуулахтай холбогдуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж сонгуулийг тогтоосон хугацаанд багтааж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгэээгээр хангах нөхцлийг бүрдүүлэхээр хуулийн төслийг санаачилжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн байгаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган оруулж ирсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг хууль санаачлагч болон ажлын хэсгээс тодруулга авч, зарчмын зөрүүтэй санал гаргасан. Уг саналаар санал хураалт явуулсаныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд өөр санал гаргах гишүүн байгаагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд байнгны хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна