Алслагдсан сумдыг татварын чөлөөлтөд хамруулах ёстой гэв

2016 оны 2 сарын 3

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Зөвхөн баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх бус нийт нутгийн алслагдсан сумдыг татварын чөлөөлөлтөд хамруулах нь зүйтэй. Засгийн газарт хуулийн төсөл санаачилж оруулж ирэхийг үүрэг болгосон. Энэ хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай” гэсэн юм.

Мөн хуралдаанаар Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад /АСЕМ/ ашиглагдах автомашин, техник хэрэгслийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ хуулиар АСЕМ-д ашиглах автомашинуудыг дээрх төрлийн татвараас чөлөөлөх асуудал хөндөгдөж буй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Бакейн санаачилсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн олонхын саналаар дэмжлээ. Уг төслийг гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болсон.

Сонгууль зохион байгуулах ажиллагаа нь хуулиар тогтоосон тодорхой эхлэх болон дуусах хугацаатай бөгөөд тухайн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа явагддаг онцлогтой юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сонгууль зохион байгуулахтай холбоотой харилцаанд хэрэглэхэд цаг хугацааны хувьд тохиромжгүй байдаг.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн баталсан төсвийн хэмжээнд сонгууль зохион байгуулахтай холбогдуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулж сонгуулийг тогтоосон хугацаанд багтааж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгээгээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр хуулийн төслийг санаачилжээ.

Мөн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна