Цэц тойрсон “зодоон”

2016 оны 2 сарын 4

Сөрөг хүчин завсарлагын хугацаагаа дахин сунгачихгүй бол УИХ өнөөдрийн хуралдаанаараа Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг эцэслэнэ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хөндөгдөж буй асуудал юм.

Уг нь эрх зүй нь төлөвшчихсөн соёлтой оронд бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудалд улс төрийн намууд нь “зодолдож”, цэцийн гишүүн нь Эрх зүйн байдлын тухай хуулиа уландаа гишгэлэн биеэ өмөөрч тайлбар хийдэггүй юм байна. Харин манайд эсрэгээрээ аж. Үндсэн хуулийн цэцийн дарга нь өөртөө дөрөвдүгээр хүн гэдэг “цол” бий болгочихож... Төрийн өндөр дээд албыг тоогоор эрэмбэлбэл, нэгд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрт УИХ-ын дарга, гуравт Ерөнхий сайд, дөрөвт Үндсэн хуулийн цэцийн дарга бичигдэх юмдаг уу даа. Ийм төвшинд алба хашдаг тул Цэцийн дарга эксель унах ёсгүй аж. Энэ тухай Цэцийн дарга Ж.Амарсанаа өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ. Дээр нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайлбарыг нэмбэл бүр чих сортойлгоно. Чөлөөлөгдөх гишүүдийн олонхи нь Ардчилсан намын угшилтай аж. Цэцийн дээр “Lexus-570” байна гэдгийг зарласан тэрээр гишүүд нь улс төрийн намын өмчлөлд багтдаг болсныг зарласнаараа энэ байгууллага улстөрөөс бүрэн хараат болсныг тодотгоод өгөв. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Цэц нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Нэг үгээр хэлбэл, аль нэг улс төрийн намын угшилтай гэх тодотголыг араасаа зүүх ёсгүй, гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд эрх үүрэг нь хязгаарлагдаж үйл ажиллагаа явуулах онцгой субьект боловч энэ дархлаа үгүй болсон бололтой.

Ил цагаандаа гарсан “зодоон”-оор нь нэг ойлгомжгүй үйл явдал өрнөөд буй. Тэр нь эрх баригч хүчнээс томилогдсон Цэцийн гишүүнийг сөрөг хүчнийхэн цээжээрээ хамгаалж, харин олонхи нь тэднийг чөлөөлөхөөр зүтгэж байгаа нь араасаа олон, олон таавар, хардлагыг дагуулах болов. Сүүлдээ ч бүр утгаа алдав, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүнээр томилогдох нь гэдэг “бор шувуу” нисч эхлэх нь тэр. МАХН-д сайдын суудал хэдэн төгрөгийн үнэ хүрдэгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарлахаа мэдэгдсэн энэ цаг үед Цэцийн гишүүний суудал дээр үнэ хаялцах нь халаггүй л юм боллоо. Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Надад Цэцэд очих шаардлага байхгүй” гэдэг тайлбарыг хийсэн байна билээ. Ийм дуулиан дэгдсэн нь Цэцийнхний зүгээс шидсэн чулуу ч байж болох талтайг хэлээд авч... Үүгээр бол тэд Цэцийн гишүүнээр томилогдохгүй нь. Ер нь аливаа нэг албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхлэхэд сөргүүлээд иймэрхүү хар PR цацагддаг нь гэм биш зан болсон. Мөн “би тэр албанд очихгүй” гэж ам өчиг өгч байсан хүн нь хэлснийхээ эсрэг хэзээний үйлдэл хийчихсэн байх нь бий. Хэрвээ тэд хэлснийхээ эсрэг үйлдэл хийж Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүнээр томилогдох юм бол ард түмэн эрх баригч намын энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын сонгуулиар хариуг нь өлхөн барьчихаа мэднэ. Хэдийгээр өнөөдөр гэдэс нь өлмөн зөлмүүн, тохой нь нүцгэн байгаа ч иймэрхүү улстөрийн “панз”-нд гар өргөчихгүй л болов уу.

Нөгөө талдаа хууль тогтоох эрх мэдлээ ашиглан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулчихаад дараа нь өөрсдөө албан тушаал горилбол үүн шиг гутамшиг үгүй. Хууль Монгол Улсын язгуур эрх ашгийг хангаж, тэр тусмаа олонхийн эрх ашгийг хамгаалж батлагдсан байх ёстой болохоос хэсэг бүлэг хүнд үйлчлэх ёсгүй.

Нөгөө талдаа Цэцийн гишүүнээр томилогдох эрхмүүдэд тавих шалгуурыг өндөрсгөе. Нас бол Үндсэн хуулийг манах манаачид тавих шалгуур биш юм байна. Үүнд мэргэжлийн хуульч байхаас гадна ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай шинэ кейсийг хайх цаг нь болжээ.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна