Монголд дотоод эрсдэл нэмэгдэж байна гэжээ

2016 оны 2 сарын 4

Дэлхийн банкнаас гаргадаг ээлжит Монголын эдийн засгийн сарын тоймыг гаргаж, өчигдөр танилцуулав. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн идэвхжил саарсаар байгаа, олон улсын санхүүгийн зах зээл хэлзэлзэл нэмэгдсэн зэрэг нь Монголын эдийн засагт улам бүр сөрөг нөлөө үзүүлж байгааг тоймд онцолжээ.

Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч ноён Тайхюун Ли хэлэхдээ “Гол нэрийн түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх эрэлт сул, тэдгээрийн үнэ буурч байгаа нь Монгол болон уул уурхайд түшиглэсэн орнуудын эдийн засгийн өсөлт, экспортод дарамт учруулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол улсын гадаад зээллэгийн өртөг огцом өссөн нь хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн эх үүсвэрийн нөхцөл чангарч байгаа, мөн олон улсын санхүүгийн зах зээлийн шинжээчдийн харж байгаагаар Монгол Улсын дотоод эрсдэл нэмэгдэж буйг илтгэв” гэв.

Оюутолгойн зэс, алтны ордын хоёр дахь шатны бүтээн байгуулалт нь гадаад эрэлт сул байгаа орчинд өсөлтийг өдөөхөд шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгийг мөн уг сарын тоймд дурьджээ.

Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон хэлэхдээ “Глобал санхүүгийн зах зээлийн тогтворгүй, орчинд макро эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх нь эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд чухал хэвээр байна” гэжээ.

Уг тойм онцлох сэдвээрээ орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг хөтөлбөрийг цаашид Төвбанкны санхүүжилтээр бус харин төсвийн санхүүжилттэй бусад хөтөлбөр арга хэмжээнүүдтэй уялдуулан эрэмбэлэх зарчмаар төсвөөр дамжуулан хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ. Төсөвт учруулах дарамтыг нь харгалзан үзсэний үндсэн дээр уг хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг Дэлхийн Банкнаас мөн санууллаа.

Д.ЦЭЭЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна