Татварын хөнгөлөлт эдлэх иргэд яараарай

2016 оны 2 сарын 4

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэд энэ сарын 15 ний дотор шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй. Нэгдүгээр сарын нэгнээс эхэлсэн татварын хөнгөлөлтийн материалыг хүлээн авах хугацаа тавхан хоног үлдсэн тул иргэд та бүхэн яаравчлахыг сануулъя. Жил ирэх бүр шинэ орон сууц худалдан авсан, байшин барьсан, оюутныхаа сургалтын төлбөрт төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг авах иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийт 71 мянган 493 иргэн, 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаан авсан байна. Харин энэ жил ойролцоогоор 82 орчим мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэх урьдчилан тооцоолол гарчээ.

2014 онд татварын хөнгөлөлт эдэлсэн иргэний тоо 2015 онд 12 орчим мянгаар нэмэгджээ. Энэ онд мөн л татварын хувь буцаан авах иргэний тоо 10 орчим мянгаар өсөх хандлагатай байгааг, өглөөнөөс орой хүртэл харьяа татварын хэлтэс дээрээ дугаарлан зогссон иргэдээс харж болох юм. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэд Баянгол, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их. Харин Сүхбаатар дүүрэгт шинээр барилга баригдах нь багассан учир дээрх дүүргүүдтэй харьцуулахад тус татварын байцаагчид ачаалал гайгүй байна. Одоогоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст нийт 1073 иргэн 896 сая 780 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэхээр холбогдох материалаа бүрдүүлэн өгчээ. Үүнээс 202 иргэн 776 сая төгрөгийн орон сууцын үнийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг давтан авахаар, 568 иргэн 474 сая 853 мянган төгрөгийг анх удаа байр худалдан авсныхаа нийт мөнгөн дүнгээс хөнгөлөлт эдлэхээр бүртгүүлжээ. Харин оюутны сургалтын төлбөрөөс нийт 303 иргэн 129 сая 785 мянган төгрөгийг буцаан авахаар хандсан байх юм.

Өнгөрсөн онд нийт 3011 иргэн хоёр тэрбум 300 сая төгрөгийг татварын хөнгөлөлт хэлбэрээр авсан байдаг аж. Сүхбаатар дүүрэгт татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгддэг гэдгийг Ч.Ганбаатар дарга тодотголоо. Энэ жил татварын хөнгөлөлт эдлэх иргэдийг төөрөгдүүлсэн нэг асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ хууль хэрэгжиж эхлээд орлогын эх үүсвэрээ тайлагнах шаардлагагүй болсон гэж ойлгох иргэд байна. Гэвч тус хуульд зааснаар өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сараас хойш шинээр орон сууц худалдан авч, байшин барьсан иргэд заавал орлогынхоо эх үүсвэрийг баримтаар баталгаажуулах шаардлагатай юм. Харин 2015 оны дөрөвдүгээр сараас өмнө байшин барьж, байр худалдан авсан иргэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нуусан орлогоо тайлагнасан бол заавал орлогын эх үүсвэрийн баримтаа өгөх шаардлагагүй, бүртгүүлэх эрхтэй юм. Ингээд Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх шаардлагатай материалын жагсаалтыг танилцуулъя.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 


Та анх удаа орон сууцны чөлөөлөлтийг эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Чөлөөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /Эх хувьтай тулгах эсвэл нотариатаар баталгаажсан/
  3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
  5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон гэрчилгээний хуулбар
  7. Захиалгын болон худалдах худалдан авах гэрээ /нотариатаар баталгаажсан байх /
  8. Орон сууц худалдан авах, барихтай холбогдон гарсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд,байрны төлбөрт төлсөн баримт /өөрийн орлого/
  9. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвар төлсөн баримт
  10. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ мөнгө шилжүүлсэн баримт / зээлийн эх үүсвэрийн тухайд/ /Зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх/
  11. Хөрөнгө үнэлгээний зөвшөөрөлтэй байгууллагын үнэлсэн тайлан
  12. Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
  13. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах/Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06 тайлагнах/

Та орон сууцны чөлөөлөлтийг үргэлжлүүлэн эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
  4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  5. Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
  6. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
  7. Орлого нотлох бусад баримт
  8. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна