Шатахууны зээл хэнд тустай вэ?

2016 оны 2 сарын 4

Энэ долоо хоногийн даваа гаригт АН-ын бүлгийн хурал дээр ОХУ-аас шатахуун зээлээр авах тухай асуудал яригдсан юм. Тодруулбал Оросын Холбооны Улсын ВТБ Капиталаас шатахуун импортлогч компаниуд зээл авахаар яригдаж эхэллээ. Ийн шатахуунаа зээлээ авах болсон нь манай улсын эдийн засаг тартагтаа тулсны шинж хэмээн зарим хүмүүс дүгнэж байгаа бол мэргэжлийнхэн харин эсрэг саналтай байна.

Уг зээлийн шугам нь 36 сарын хугацаатай байх бөгөөд нийт 1.3 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээтэй байна гэж эхний ээлжийн тохиролцоог хийсэн. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа энэ нөхцөлд дээрх хэлэлцээр нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой хэлцэл болж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, шатахуун импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгож, улмаар сар бүр нефтийн бүтээгдэхүүний төлбөрт зориулан гадагшлах валютын урсгалын хугацааг сунгана. Цаашилбал, санхүүжилт авсан хугацаанд Монгол Улсын валютын албан нөөц нэмэгдэх бөгөөд шатахууны жижиглэнгийн үнийн хэлбэлзлийг багасгах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангахад голлон нөлөө үзүүлэх юм.

Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодлууллаа.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: -Хуучин бэлэн төлбөр хийж байгаад шатахуун авдаг байсан. Монгол Улсын хувьд эхний улиралд татварын орлого бага байдаг учраас гадагшаа өгөх доллар байдаггүй. Энэ үеэр төлбөрөө хийхгүйгээр зээлээр шатахуунаа авах боломжоор хангагдсан. Гол ач холбогдол нь энэ. Малчид зээл аваад хэрэгцээтэй зүйлээ авчихаад дараа нь ямаагаа самнаж зээлээ дарчихдаг шиг улс ч мөн адил. Эхний улиралд татвар бага хуримтлагдаад эдийн засаг хүнд байдаг. Энэ үеэ давахад нэмэр болж байгаа асуудал юм.


Уул уурхайн сайд Р.Жигжид: -Ерөнхий утгаараа ОХУ-аас зээл авна. Тодруулж хэлбэл ОХУ-ын нэг банкнаас бага хүүтэй зээл аваад түүгээрээ шатахуун худалдаж авах юм. Манай нефть импортлогч компаниуд чинь багагүй хэмжээний валютаар шатахуун худалдаж авдаг. Жилдээ 1,2-1,3 сая тонн шатахуун авдаг. Энэ хэмжээний шатахууныг төгрөгөөр зарчихаад төгрөгөөрөө монголын зах зээлээс валют худалдаж авдаг. Гэтэл заримдаа валютын хомсдол үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-аас зээл аваад, тэндээсээ шаардлагатай бензин худалдаж авах тухай асуудал яригдаж байна. Түүнээс бол төр өөрөө шатахууны бизнес хийнэ гэсэн үг биш.


Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: -Энэ бол валюттай холбоотой асуудал. Төр өөрөө шатахууны бизнес хийх гээд байгаа зүйл огт биш. Шатахуун импортлогч компаниудын ажлыг хөнгөвчлөх зорилгоор ОХУ-ын ВТБ Капиталаас зээл авах ажиллагааг Хөгжлийн банк зохион байгуулж байгаа юм. Зээлийг манай улсын шатахуун импортлогч компаниуд бүгд авахгүй. Хоёрдугаар сарын дундуур асуудлаа шийдчихвэл ОХУ-ын ВТБ Капиталын шалгуурт нийцсэн 3-4 компани авах байх гэлээ.

Ямартай ч энэ сарын дунд үеэс шатахууны зээлийн асуудал тодорхой болох нь.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна