Хөлөг онгоцны сүйрлүүдээс амьд үлдсэн азтан

2016 оны 2 сарын 4

 

Вайолетт Жессоп гэгч эмэгтэй Титаник, Олимпик, Британик хөлгүүдийн сүйрлээс амьд үлдсэн ч юуны учир азгүй хүн гэж дуудуулах болсон түүхийг эндээс уншина уу.

 

 

Вайолетт Жессоп гэдэг энэ эмэгтэй гурван ч удаа хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдэж, азын тэнгэр түүнийг ивээж байсан нь хэн бүхэнд тохиох учрал биш билээ. Хэрэв түүнд хамгийн аймшгийн сүйрэлд амьд үлдэн шалгарах ер бусын хувь тавилан тохиогоогүй байсан бол тэр эмэгтэйн нэр түүхэнд үлдэхгүй байсан биз.

 

Түүнийг хүмүүс “Азгүй азтан” хэмээн тодорхойлдог. Азгүй тохиолдлууд хүүхэд байхаас нь дагалдаж ирсэн ч тэрээр хамгийн ээдрээтэй байдлаас яаж ийгээд гарч иржээ.

 

Дэлхийд хамгийн алдартай «Олимпик», «Титаник», «Британик» далайн хөлөг онгоцнууд дээр Вайолетт Констанс Жессоп ажиллаж байсан ба хөлгүүд сүйрэх бүрд нь тэрээр амьд үлдэж байлаа.

 

 

Вайолетт Констанс Жессопыг бага байхдаа тэсэхгүй гэж эмч нар оншилсон байдаг. Олон хүний амийг авч одсон сүрьеэ өвчнөөр Вайолетт өвчилсөн байжээ. Гэтэл тэрээр эдгэрч, өвчнөөс бүрэн хагацсан юм. Сургуулиа төгсгөж чадсангүй. Эцэг нь нас бараад эх нь өвчтэй байсан учир тэрээр ажил хайхаас өөр замгүй байв.

 

Ингээд эх шигээ далайн тээврийн «White Star Line» компанийн хөлөг онгоцны үйлчлэгч болсон байна.

 

"Олимпик" анх удаагаа Нью-Йоркт ирж байгаа нь, 1911 оны зургадугаар сарын 22.

 

"Олимпик" ба "Хоук" хөлөг онгоцнууд мөргөлдсөний дараа.

 

1910 онд 23 настай Вайолетт «White Star Line» компанийн асар том далайн гурван хөлөг онгоцны нэг «Олимпик» нэртэй хөлөг дээр ажиллав. Жилийн дараа тэр том хөлөг цэргийн «Хоук» гэдэг крейсер онгоцтой маневр хийж байгаад мөргөлдсөн байлаа.

 

Усан шугамын дээр 14 метрийн цөмрөлт авсан ч хөлөг онгоц живээгүй юм. Мөргөлдөөнөөр аз болоход хүний амь үрэгдээгүй ч хөлөг онгоц ноцтой гэмтэл авчээ.

 

"Титаник" Саутгемптон хотоос өөрийн эхний бөгөөд сүүлчийн аянд гарч байгаа нь, 1912 оны дөрөвдүгээр сарын 12.

 

"Титаник"

 

"Титаникийн" сүйрэл

 

Хөлөг онгоцыг засварласны дараа Вайолетт «Олимпик» хөлөгтөө ажилласаар л байв. Компани удалгүй шинэ хөлөг онгоцтой болоод түүнээс шинэхэн хөлөг дээр ажиллахыг хүсчээ. Ингээд Вайолетт «Титаник» онгоц руу шилжин түүний анхны ба сүүлчийн аянд нь оролцов. Хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө мөсөн уултай мөргөлджээ. Тэр сүйрлээр хөлөг онгоцонд явсан 2224 хүнээс дөгөж 711 хүн л амьд үлдсэн байдаг. Амьд үлдэгсдийн тоонд азгүй азтан болох Вайолетт 16 дугаар завинд сууж явсан байна.

 

Түүнийг завинд суухад нэгэн эрэгтэй хүүхдээ асарч явахыг гуйжээ. Хоёр цагийн дараа хүүхэд тэвэрсэн бүсгүй ослын газар хамгийн түрүүнд ирсэн «Карпатии» хөлөг онгоцонд шилжин суужээ.

 

Вайолетт Констанс Жессоп

 

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Вайолетт Британийн улаан загалмайн нийгэмлэгт эмнэлгийн асрагчаар ажиллаж байв. Тэр мэргэжлийнхээ дагуу гурван том хөлөг онгоцны сүүлчийнх бөгөөд цэргийн эмнэлэг болсон «Британик» хөлөг онгоц дээр ажиллаж байв. Уг хөлөг онгоц 1916 оны арваннэгдүгээр сард далайн минатай тулгаран дэлбэрч живэх үеэр хоёр аврагч завьтай хүмүүс живж буй онгоцны сэнсэнд татагдан дайрагджээ. Тэр завины нэгэнд байсан Вайолетт дахиад л азаар амьд гарсан байна.

 

"Титаник" далайн ёроолд

 

"Титаник"

 

Ийнхүү гурван том хөлөг онгоцны ослоос амьд сэрүүн үлдсэн Вайолетт бүсгүй урт насалжээ. Тэрбээр 83 настайдаа зүрхний дутагдлаар өөд болжээ. Тэрээр 42 жил далайн хөлөг онгоцнууд дээр ажиллаж, дэлхийг хоёр удаа тойрч, «Титаник», «Британик» хоёр сүйрэх үеэр амь гарч чадсан юм.

 

"Олимпик", "Титаник", "Британик"

 

"Олимпик", "Титаник", "Британик"

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна