Тарвага ичээнээсээ гарч, хавар эрт ирэхийг зөгнөв

2016 оны 2 сарын 4

Фото: Alan Freed / Reuters

Америкт Фил нэртэй тарвага ичээнээсээ саяхан гарч, эрт хавар болно гэдгийг зөгнөн таниулсныг Reuters мэдээлэв.

Пенсильвани мужийн Панксатони хотод амьдардаг Фил хэмээх мэрэгч амьтан ичээнээсээ эрт гарч ирсэн нь хавар цаг айсуйг, энэ жил хавар эрт эхлэхийг илэрхийлжээ. Тарвага уржигдар орон нутгийн цагаар өглөөний 07:25-д ичээнээсээ гарч иржээ. Өнгөрсөн онд Фил өдий үед ичээнээсээ хальт цухуйсан ч өөрийн сүүдрээс цочоод ичээндээ эргэн орсон байна. Тэр үйлдлээр нь өвлийг дахин зургаан долоо үргэлжилнэ гэж үзжээ. Уржнан жил бүрхэг байснаас тэр сүүдрээ хараагүй учир эрт хавар болно гэж “мэдэгдэж” байлаа.

АНУ ба Канадад хоёрдугаар сарын 2-нд “Тарваганы өдөр”-ийг тэмдэглэдэг. Фил тарвага нь АНУ-ын цаг уурын мэдээг урьдчилан хэлдэг хамгийн алдартай амьтан гэж тооцогддог. Тарвага 1887 оноос хойш хэдэн үе дамжсан ч зөвхөн 17 удаа л эрт хавар болно гэж үзүүлсэн түүхтэй. Жил бүр Филийг харахаар тус хотод 30 мянган хүн очдог гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна